Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
2020.01.08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.01.08) 10 цаг 06 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу батлагдсан хуулиудын нэг нь 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бөгөөд энэхүү хуулийн дагуу 1993 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулсаэ бөнөөд түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийн анхны хувилбарт ийнхүү зохих өөрчлөлт оруулснаас хойш 1997, 2001, 2005, 2009 онуудад нийтдээ 5 удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулжээ.

Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төдийгүй Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан. Мөн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан.

Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсэж буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болохыг харуулж байна.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлага үүссэнийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Сонгуулийн тухай хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан суурь зохицуулалтуудад ундэслэн, туүний үзэл баримтлалын хүрээнд боловсруулжээ. Хуулийн төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу тухайн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинээр зохицуулсан анхдагч хуулийн төсөл юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.