О.Баасанхүү: Сонгуулийн тухай гурван тусдаа хуультай байх ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.20

О.Баасанхүү: Сонгуулийн тухай гурван тусдаа хуультай байх ёстой

2017 оны нэгдүгээр сарын сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр хоёр гишүүн асуулт асуусны нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү байсан юм. Тэрээр хуулийн төслийг буцаах нь зөв. Харин энэ дөрвөн жилд сонгууль бүрээр бие даасан хуультай болох нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж, Сонгуулийн Ерөнхий хорооны даргын байр суурийг сонсохыг хүслээ. 

О.Баасанхүү: Сонгуулийн тухай хуулийн буянаар 65-уулаа сууж байна шүү дээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан л даа. Тус ажлын хэсгийн гишүүд ч энд одоо байна. Ажлын хэсгийн ахлагч нь Н.Энхболд дарга.

Тэр үед таван нам сууж байгаад бид хамгийн сайн зөвшилцсөн хуулийн төсөл боловсрууллаа гэж хэлж байсан санагдана. УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрөгч оны тавдугаар сард шүү дээ. Тэр үед би энэ хууль чинь болохгүй гэж хэлж л байсан. Гэтэл үүн шиг сайн хууль байхгүй гээд бүгд гар барилцсан байсан. Энэ хуулийн буянаар л та бүхэн 65-уулаа УИХ-д сууж байна.

Яг үнэндээ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хоёр хуультай болчих гээд байна шүү дээ. Нэг нь Сонгуулийн нэгдсэн хууль, нөгөө нь өнөөдөр бидний хэлэлцэж буй хуулийн төсөл. Сонгуулийн тухай хуулийн 1/3-ийг салган авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Ингээд бодохоор өнгөрөгч онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийг 1/3 нь хүчингүй болсон хууль гэж нэрлэх үү?

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хуулийн тодорхой заалтыг хүчингүй болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ 1/3-ийг нь хүчингүй болгосон хууль байдаггүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бие даасан хуультай болохыг хүсч байвал хоёр хуультай болохоос өөр аргагүйд хүрлээ. Хэрэв тэгэхийг хүсч байвал Сонгуулийн тухай хуулийг Аймаг, орон нутаг, УИХ-ын сонгуулийн тухай хууль гэж өөрчлөх болж байна.

Өнөөдөр Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бие даасан хуультай болохыг хүсч байгаа бол Сонгуулийн тухай хуулийг яагаад хамт өргөн мэдүүлээгүй юм бэ? Хуульд ингэж хандаж болохгүй. Ийм жишиг байхгүй. Амьдралдаа анх удаа ийм зүйл харж байна.

Улсын Их хурлын чуулганы дэгээ барья гэж би байнга хэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-д суудалгүй нам нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэж заасан байснаа хэлэлцүүлгийн явцад аваад хаячихсан.

УИХ-д суудалгүй намууд суудалтай намтай хамтарч болно эсвэл дэмжиж оролцож болно гэж байснаа уг заалтаа дэмжээгүй нь улстөрийн намуудыг ялгаварлан гадуурхаж буй хэрэг юм.

Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл УИХ-д суудалгүй намуудын ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан учраас буцаахаар шийдвэрлэсэн болохоос биш намайг шүүмжилсэн болохоор ийм шийдвэр гаргаагүй шүү дээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн та Сонгуулийн тухай хуулийн дэд ажлын хэсэгт ажиллаж байв уу? Та тэр үед яагаад уг хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн юм бэ? Энэ хууль болохгүй гэж эсэргүүцэж болох л байсан. Тухайн үедээ Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж, уг хуулийн төслийг батлагдтал нь дэмжиж явснаа одоо болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулахгүй бол болохгүй гэж яриад сууж байдаг. Хэрэв Сонгуулийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж чадахгүй юм бол Сонгуулийн ерөнхий хорооны даргаар өөр хүнийг томильё л доо.

Ер нь энэ тохиолдолд хууль санаачлагч өөрөө хуулийн төслөө татаж авах нь зөв байсан. УИХ дахь МАН-ын бүлэг хууль санаачлагчаас хуулийн төслөө буцааж ав гэж шаардах хэцүү. Энэ бол танай намын дотоод асуудал. “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” гэдэг шиг би уг хуулийн төслийг зарчмын хувьд шүүмжилж байсан.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бие даасан хууль, 1/3 нь хүчингүй болсон Сонгуулийн нэгдсэн хуультай байх боломж байсан уу гэдгийг асуумаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаан татаж байгаа нь зөв. Харин энэ дөрвөн жилд сонгуультай холбоотой хуулийн шүүс, усыг нь шахаж, бие даасан гурван хуультай болох хэрэгтэй.

Х.Содномцэрэн: Сонгуулийн тухай бие даасан гурван хуультай болох саналыг дэмжиж байна

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн

Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт тухайн үед Сонгуулийн Ерөнхий хорооноос миний бие орж ажилласан. Тэр үед Сонгуулийн тухай хуулийн төслийг манай хорооны зүгээс дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн учраас ажлын хэсэгт тэр бүр оролцуулаагүй. Чамайг хэн дуудсан юм бэ гээд зарим үед хөөгдөж байлаа.

Сонгуулийн ерөнхий хороо хуулийн төсөлд эсрэг санал өгсөн учраас ажлын хэсэгт орж ажиллуулаагүй. Манай хорооны саналыг ч хуулийн төсөлдөө тусгаагүй. Хуулийн төслөө ч өгөөгүй.

Ер нь сонгуулийн тухай хууль тогтоомж боловсруулахдаа манай хорооноос санал авдаг. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн төслийн санаачлагч Сонгуулийн Ерөнхий хорооноос санал аваагүй. Бид уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулж байлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулсны дараа сонгууль бүрээр бие даасан хуультай болох нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй санал нэг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гарсан 150 гаруй зарчмын зөрүүтэй саналыг тусгаж, тус тусад нь бие даасан хууль болгох санал, хуулийн төслүүдийг УИХ-д хүргүүлэх болно.