УИХ-ын гишүүн Л.Болд
2017.01.05

Л.Болд: Аль ч талын субьектэд гомдолгүй хууль батлах нь чухал юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

Бид аль ч Сонгуулийн хуулийг хэлэлцэх үедээ 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг дурдаж, тооцоолон бодож, хэлэлцэх асуудалдаа сэрэмжлэх байдлаар санаж байх ёстой. Энэ үйл явдал Монголын түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт явдал байсан.

Ард түмнийг басаж доромжилсон мэт Сонгуулийн хууль гаргах нь туйлын муу үр дагавар авч ирдэг гэдгийг санах хэрэгтэй.

Миний хэлэх гээд байгаа санаа бол ямар ч Сонгуулийн тухай хуулийг бүх тал нь хүлээн зөвшөөрсөн байх учиртай. Өөрөөр хэлбэл ялсан, ялагдсан, сонголт хийсэн ард түмэн нь хүлээн зөвшөөрч байж тухайн сонгуулийн үйл ажиллагаа үнэн зөв, маргаангүй болох юм.

Сонгуулийн дараа ч гэсэн энхтайван байх боломжтой. Уг нь бид долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойшхи сонгууль бүрт сэрэмжлэх үүднээс ахиц дэвшилттэй зүйл хэлэлцэж ирсэн. УИХ, Орон нутгийн сонгуультай харьцуулахад Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн асуудал багатай эргэлзээ ч багатай болдог сонгууль.

Энэ хуулийг боловсруулахад маргаад байх зүйл байхгүй юм. Үндсэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхийг нь өгчих л хэрэгтэй. Сонгуулийн дүн гарах мөчид айх, сандрах юмгүй, амар шүү дээ.  Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулиар 2000 саналаар асуудал ямар ч маргаангүйгээр шийдэгдсэн.

Яг л түүн шиг өмнө нь болж байсан хуулийн хүрээнд маргаангүй боловсруулах чухал асуудал болж байна. Энэ хууль 73 хуудас, 106 зүйлтэй том хууль. Гэтэл сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эхний хэдэн хуудсыг нь эргүүлж харж байгаад “Өө боломжийн хууль болсон байна” гэх жишээний. Ийм зүйл байж болох уу? нөхөд өө!

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шиг хуулийг амар хялбар судалж, дүн шинжилгээ өгч чадах чадвартай хүн ховор шүү дээ. Тиймээс бусад гишүүдэд хуулийн төсөлтэй бүрэн танилцаж, судлах  боломж өгөх хэрэгтэй. Хуулийн төслийн талаар бүрэн мэдлэггүйгээр ямар нэг шийдэлд хүрэх эрх бидэнд байхгүй.

Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь С.Жавхлан гишүүнд, намын эрхээр нэр дэвших боломжийг О.Баасанхүү гишүүнд нь өгчих л хэрэгтэй. Энэ бол сонгуулийн дараа ялсан, ялагдсандаа гомдолгүй,  маргаангүй болох зөв гарц гэж харж байна. Өөрөөр хэлбэл бид аль ч талын субьектэд гомдолгүй хууль батлах нь чухал юм.