Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн тухай хуулиар явуулахаар боллоо
2017 оны нэгдүгээр сарын сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Анхны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асууж үг хэлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн 2017 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн 10 тоот албан бичиг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 88,4 хувь хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Ингэснээр ирэх 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулна гэсэн үг юм.
Монгол улсын их хурлын тогтоол
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их хурлаас тогтоох нь
Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нараас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаалагчид нь буцаасугай.