Сонгуулийн дараа алдаа оноог засах бус, өмнө нь хуулиа сайжруулах хэрэгтэй
Үдээс өмнө 11 цагаас эхэлсэн чуулганы хуралдаан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр эхэлсэн. Өнөөдрийн чуулганы хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр хуралдаан зарласан тул ийнхүү оройтож эхэлсэн юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн танилцуулгын дараа танилцуулгатай холбоотой асуулт асуух гишүүн төдийлөн олон байгаагүй ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, сүүлийн үед Монголд бөөгүй айл, бөө лам дээр очдоггүй хүн бараг байхгүй болсон. Энэ нь нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс ч өнөөгийн нийгэмд сэтгэлзүйч маш их хэрэгцээтэй байгаа гэдгийг хэлж байв.
Хуулийн төсөлд Төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүд сэтгэлзүйчтэй байхаар тусгасан нь шилжилтийн дараах манай улсын хувьд ихээхэн цагаа олсон байна гээд нийгэм хамт олны дотор таатай орчин үүсгэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг оруулж ирсэн нь зөв зүйтэй болжээ хэмээн гишүүд онцлоод шинэчилсэн найруулгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулга бүхий хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан.
Уг хуулийн төсөлд сонгуулийг автомат системээр явуулах, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг зөвхөн консултай газруудад санал авах зэргийг тусгасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаа, нам эвсэл хэрхэн сонгуулийн сурталчилгааг хийх, нэр дэвшигчид ямар хуулийн заалтуудыг зөрчихгүй байх, санал хураалтын хугацааны хувьд 07-22.00 цагийн хооронд үргэлжилнэ гэж ажлын хэсгээс төсөлд тусгажээ. Харин өмнөх сонгуулиудын адил санал өгөх боломжгүй иргэдээс өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар санал авах юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Я.Содбаатар, өмнөх сонгуулийн маргаан тасраагүй байхад дараагийн сонгуулийн хуульд оруулж ирэх нь буруу гээд уг төслийг 76 гишүүнээ гүйцэд бүрдүүлчихээд хэлэлцье гэсэн саналтай байгаа тухайгаа хэлж байсан. Мөн М.Энхболд гишүүн “Өмнө нь баталсан сонгуулийн хуулиар энэ удаа сонгууль зохион байгуулах боломжгүй юм уу. Заавал шинээр санаачлах биш нэмэлт өөрчлөлт оруулаад явах боломжтой эсэх. Ер нь бид тогтвортой хуулийн орчинтой улс орон болмоор байна” гэж хууль санаачлагчаас асуусан.
Харин түүний асуултад Р.Бурмаа гишүүн хариулахдаа, Олон улсын туршлагаас харахад сонгуулийн дараа алдаа оноотой зүйлээ засч залруулж, хуулиндаа өөрчлөлт оруулдаг. Мөн цаг үеэ дагаж техникийн дэвшлийг ашиглах нь ч зүйтэй болох нь харагдаж байгаа. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм хэмээв.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураах болоход гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.