УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2017.01.07

Н.Амарзаяа: Хууль зөрчсөн төрийн албан хаагчдад хүлээлгэх сахилгын шийтгэлийг чангаруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хууль санаачлагч, ажлын хэсэгт гурван асуулт тавьсан юм. 

Н.Амарзаяа: Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль явуулах амаргүй байсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ, аймаг, нийслэл, сүм дүүргийн ИТХ-ын сонгуулиас тусад нь бие даасан хуультай болгохоор оруулж ирсэнийг туйлын ач холбогдолтой гэж бодож байна.

2009, 2013 онуудад Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж, аймаг орон нутагтаа Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдан зохион байгуулах явцад хуулийн санкци, хуулийг хэрэглэхэд хуулиудын уялдаа холбоо сул, зарчмын зөрүүтэй асуудлууд, хэрэгжүүлэхэд амаргүй нөхцөл байдал үүсч байсан.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчөө ард түмэн сонгоно гэдэг бол маш хариуцлагатай, түүхэн сонголт байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дангаар нь оруулж ирсэнд хувьдаа талархаж байна.

Уг хуулийн төслийн хүрээнд гурван асуулт байна.

Нэгд, хуулийн төслийн 94,2 дахь хэсэгт “Хэрэв төрийн албан хаагчид уг хуулийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хариуцлагын механизмыг оруулж ирсэн байна. Бүх шатны сонгуулийг зохион байгуулж буй сонгуулийн салбар, хэсгийн хороонд төрийн албан хаагчид ажилладаг.

Төрийн албан хаагчид хувь нэр дэвшигч, намд үйлчлэх зэрэг хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөн тохиолдол өмнөх сонгуулиар удаа дараа гарч байсан. Уг асуудлаар Улсын дээд шүүхэд хандахад шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчид хууль зөрчсөн нь илэрч, ажлаасаа хүртэл чөлөөлөгдсөн байдаг.

Үүнээс улбаалан хууль зөрчсөн төрийн албан хаагчдад зөвхөн сахилгын шийтгэл ногдуулаад зогсохгүй хариуцлагыг улам чамбайруулж, тухайн хүн төрийн хуулийг зөрчвөл ажлаа хэдэн жилийн хугацаанд чөлөөлөгддөг байх ёс зүй, сахилга батыг сахиулах зүйл заалт оруулж ирэх нь зүйтэй болов уу.

Хоёрт, Сонгуультай холбоотой олон маргаан үүсдэг. Ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах механизм нилээд дэлгэрсэн, өргөн хүрээг хамарсан байдаг шүү дээ. Хэрэв тухайн хүний саналыг мөнгөөр худалдаж авахыг оролдвол иргэн нууцаар энэ тухай хууль, хяналтын байгууллагад мэдэгдсэн урамшуулах механизмыг хуулийн төсөлд тусгасан уу?

Гуравт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дагалдан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирсэн байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр гол гол ямар зүйл, заалтуудыг тусгасан бэ? 2016 оны УИХ-ын сонгууль шиг Монгол Улсын хэмжээнд олон нийтэд сонгуулийн үр дүнг ил тод, нээлттэй харуулах уу?

Бүхэлд нь уг хуулийн төслийг дэмжиж байна.

Н.Энхболд: Төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж болно

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын механизмыг хуулийн төслийн 14 бүлэгт оруулж өгсөн. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хэлсэн жишээ бол төслийн 94,2 дахь хэсэгт орсон заалт юм. Үүнээс гадна хоёр заалт бий.

94,3-т “Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд бусад холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ ”,

94,4-д “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад эдийн болоод эдийн бус хохирол учирсан бол мөн гэм буруутай этгээдэд энэ хуульд болон бусад хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж заасан. 

Уг хуулийн төслийг оруулж ирэхдээ өмнөх парламентаар хэлэлцэж, баталсан Сонгуулийн тухай хуулийн гол зарчмуудыг баримталсан. Тухайн үед сахилгын хариуцлагатай холбоотой асуудлаар ярьж байсан зүйлс бий.

Тухайлбал, Төрийн албан хаагч нь сонгуулийн ажилд оролцохдоо хууль зөрчсөн бол төрийн албанаас халах, хэдэн жилийн хугацаанд төрийн албанд ажиллуулахгүй байх зэрэг заалт байсан. Энэ бүхнийг харгалзан үзээд ямартай ч хуулийн төсөлд 94,2 дахь хэсэгт туссан заалтыг оруулаад байна.

Хууль санаачлагчид нь одоогийн Сонгуулийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг улам чангатгах юм бол хатуурхсан хэрэг болно гэж үзсэн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад, сахилгын шийтгэлийг чангатгах санал оруулж ирэх нь нээлттэй.

Сонгуулийн тухай хууль нь өмнөх парламентад 5 нам, улс төрийн хүчин байлцаж баталсан учраас аль болох ял, шийтгэлийг хүндрүүлэхгүй байх хэмжээнд оруулж өгөх нь зүйтэй гэсэн агуулгыг ч уг хуулийн төслийг боловсруулахдаа баримталсан юм шүү.

Ч.Содномцэрэн: Мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгоно 

Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө, эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж хуулийн төсөлд заасан. Энэ заалт нь Сонгуулийн тухай хуульд байгаа заалтаараа өөрчлөгдөөгүй орсон.

Өмнөх хуульд 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж заасан байсныг Сонгуулийн тухай шинэчилсэн хуульд 20 дахин гэж оруулж өгснийг энэ хуулийн төсөлд яг хэвээр нь тусгасан.

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн хувьд, 2 иргэнд бэлэн мөнгө, эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дагалдан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Гэхдээ зарчмын том өөрчлөлт хийгээгүй, нэр томьёоны хувьд өөрчилсөн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн үгийг нэмсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шууд дэлгэцээр Сонгуулийн ерөнхий хорооны төв серверээс шууд дамжуулж үзүүлнэ. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулиас арай дэвшилттэй нь сонгуулийн онцлогоос хамаарч цөөхөн нэр дэвшигчтэй учраас дэлгэцийн талбайг ашиглан, намын нэр, нэр дэвшигчийн зургийг харуулна.