МоАХ-ны дуу хоолой чангарах нь
2012.01.24

МоАХ-ны дуу хоолой чангарах нь

Тайван тэмцлээр Монгол оронд ардчилал авчирсан Ардчилсан холбоо өдгөө 23 нас зооглож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дарханчууд энэ түүхэн ойн хүрээнд симпозиум зохион байгуулав. Симпозиумд МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга, МоАХ-ны орон нутаг хариуцсан дарга Ж.Равдандорж болон Дархан-Уул аймгийн бүх сумаас ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцов. Тэд ийнхүү цуглахдаа өнгөрсөнд олсон амжилт, мартаж боломгүй сургамжаа ярилцаж, ирээдүйд хийж бүтээх ажил, тэмүүлэх зорилгоо  тодорхойлсон юм. Ард түмэн  МоАХ-ны үүх , түүх зорилго,тэмцлийн талаар хангалттай мэддэг учраас энэ тухай эргэн хүүрнэхийг түр орхиод,Монголын ардчилалд юу тулгамдаад байгаа тухай онцлон ярилцсан юм. МоАХ-ны дарга Х.Баттулга симпозиумыг нээж үг хэлэхдээ “Өвгөдөөс үлдээсэн асар их баялгийнхаа  хүчээр монголчууд дэлхийн баян орны тоонд зүй ёсоор ордог. Харамсалтай нь, өнөөдөр монголчууд ядуу, улс орон маань эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсоогүй байна. Бид 1990 онд иргэн баян бол улс баян хэмээн тунхаглаж байсан бол эсрэгээрээ эргэлээ" гэсэн юм.

 

Мөн хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхаглаж явсныхаа хувьд МоАХ-ныхон цаг үеийн сэдвээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэдний ярианаас үнэндээ өөдрөг, эрэл гэгээтэй зүйл ховор сонстсон нь ч аргагүй юм. МоАХ-ны анхдагчид 22 жилийн өндөрлөгөөс харахад амь, амьдралаа золин байж авчирсан ардчиллаа дахиад алдчихсан сэтгэл гонсгор яваа нь энэ симпозиумаас илт байлаа. МCS-ийн тансаг харшид Засгийн газрын сайд нар амьдардгийг Монгол Улсын экс Ерөнхийлөгчөөс сонсохдоо иргэд үнэхээр бухимдаж яваа бололтой. Монголын улс төрийн томчууд ганцхан компанид худалдагдсанаа өнөөдөр нууж болох ч, ирээдүйд нууцалж чадахгүй. Хэн, хаана, юу хийж яваа нь цөөхөн монголчуудын хувьд нууц үлдэх боломжгүйг энэ үеэр санууллаа.  Нэг хэсэгтээ л бүдгэрэх шахсан МоАХ-ны дуу хоолой Дархан-Уул аймагт болсон энэхүү симпозиумаас дахин чангарлаа. Тэд Монголд ядуурал, авилга өсөж, ардчиллаас ухарлаа. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг ч асууж, хариулт нэхсээр хоцорсон юм.

 

Тэд хэлэхдээ "Хүний эрх, эрх чөлөө өнөөгийн нийгэмд хангагдсан мэт харагддаг боловч амьдрал дээр байдал бүрхэг байна. Монголчууд архи дарс, уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийн эрхэнд автчихлаа. 1990 онд амь, амьдралаараа дэнчин тавин байж авчирсан ардчилал маань дарангуйллын хэлбэрт эргэн орлоо" хэмээн халаглаж байлаа. Үүнээс гадна Монгол орны эдийн засгийн хараат байдал нь баялгийн хараал руу гулсан орлоо. Ард түмний амьдралыг сайжруулна хэмээн УИХ-д суусан ч харамсалтай нь, ашигтай бүхнийг өөрсдийнхөө бүлэглэлд зориулж дэлхийн хэмжээний баячууд болсон. Ухаа худагийг 20-хон гэр бүл мэдэлдээ авчихсан тухай ч шүүмжлэн дуугарсан юм. Монголчууд цаашид уул уурхайгаа зөв ашиглах ёстойг дурдаад, түүхий эдийг ганцхан зах зээл рүү хямд үнээр гаргаж байна хэмээн шүүмжлэв. Гадаад, дотоодоос нийлсэн бүлэглэл Монголыг ядуу байлгахыг туйлаас илүү эрмэлзэж байхад бид зүгээр сууж болохгүй хэмээн зоримог хэлсэн нь ч бий. Эцэст нь, МоАХ-ны ахмад, дунд, залуу үеийнхэн чуулахдаа Баялгийн тэгш бус хуваарилалт монголчуудыг ядуу болгож байна хэмээн нийгмээ оношлоод, МоАХ энэ үеэр сэрэх ёстой хэмээн дуу нэгтэйгээр шийдэв. Тэд одоо л манай нийгэмд тогтворгүй байдал үүсвэл дахин эмхлэх гэж 10-20 жил алдана хэмээн болгоомжлоод МоАХ урьдын адил хүчтэй байх ёстойгоо тунхаглалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.