МоАХ улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна
2012.01.23

МоАХ улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна

Дархан уул аймгийн Ардчилсан холбооноос өчигдөр аймгийнхаа ардчилсан холбооны 22 жилийн ойн хүрээнд гишүүд дэмжигчдээ оролцуулсан симпозиум зохион байгууллаа. Энэхүү симпозиумд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга урилгаар оролцлоо.  Тэрээр симпозиумыг нээж хэлсэн үгэндээ “Бид 22 жилийн өмнө улс орондоо ардчиллыг бий болгож чадсан. Гэхдээ ардчилал маань эдийн засгийг бэхжүүлж чадаагүй байна. Өнөөдөр манай улс өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн байгалийн баялгаараа дэлхийд баян орны тоонд орж байна. Гэтэл энэ их баялгаас ард түмэн шударгаар хүртэж чадахгүй байна. Манай улсад ядуурал нүүрлэсээр л байна. 22 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийж байхдаа бид Иргэн баян бол улс баян гэсэн тунхаглалыг гаргаж байсан. Гэтэл энэ тунхаглал өнөөдөр эсрэгээрээ байна. Бид улс орныхоо ирээдүйн бодлогыг зөв тодорхойлоогүйгээс болж Лив улс шиг тийм байдал манай улсад ч бий болохыг үгүйсгэхгүй” гэдгийг онцолсон юм.

Симпозиумд оролцогчид ч мөн энэ үеэр өөрсдийн санал бодлоо илэрхийлж илтгэл тавьсан.  Дархан дахь МоАХ-ны ололт амжилт сургамж цаашдын зорилт сэдвээр МоАХ-ны дарга асан О.Баярсайхан, МОАХ-ны хэтийн чиг хандлага үндсэн хуульт парламентат засаглалын хөгжилд МоАХ-ны орон нутгийн салбар байгууллагуудын үүрэг нөлөө сэдвээр МоАХ-ны орон нутаг хариуцсан дарга Равдандорж нар илтгэл тавьж гишүүд дэмжигчидтэйгээ санал бодлоо солилцлоо. 22 жилийн тэртээ улс орондоо шинэ нийгмийг цогцлоохоор тэмцэж явсан МоАХ-ныхон өнөөгийн нийгэмд үүсээд байгаа нөхцөл, иргэдийн бухимдал, баян ядуугийн асар их ялгаа, ядуурал гэх мэт тулгамдсан олон асуудлыг зүгээр хараад суух ёсгүй гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Тэдний хүссэн ардчилал өнөөгийн энэ нөхцөл байдал биш учраас тэд ардчилсан хувьсгалын эхэн үеийнх шиг үзэл бодлоо нэгтгэж хамтдаа гарах гарц хайн ярилцаж байгаа нь энэ ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.