2012.01.24
Ө.Энхтүвшин: Камерын өмнө төрийн ажил явдаг талаар гишүүд шүүмжилсэн
МАН-ын бүлэг өчигдөр Удирдах зөвлөлтэй хамтран өглөөний 10 цагаас хойш оройны 20 цаг хүртэл өдөржин хаалттай хуралдсан. Ингээд нэг өдрийн турш ямар асуудлаар хэлэлцсэн талаарх мэдээллээ МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд өнөөдөр тайлагналаа.
Чуулганы хугацаа 14 хоног үлдээд байгаатай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг амжиж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Алслагдсан аймагт үзүүлэх ялангуяа нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний хөнгөлөлт, дэмжлэгийн талаар чуулганаар оруулах юм байна. Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулах үзүүлэх, тэтгэвэрийн зөрүү, суурь тэтгэвэрийн хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг гаргаж тооцоо судалгаа хийхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт өмнөх сайд нарынхаа асуудлаа цэгцлээгүй атлаа шинэ сайд нарын нэрсийг төрийн тэргүүнд өргөн барьснаасаа болж Ерөнхий сайд болон ажлаа өгөх гэж буй, авах гэж яарч байгаа сайд нар “банга” авахуулсан.
Ялангуяа Ерөнхийлөгч УИХ-ын “тогооноос” сайд нарт горилж буй УИХ-ын гурван гишүүнийг шүүмжилсэн. Үүнээс шалтгаалан МАН-ын өчигдрийн бүлгийн хурал нэлээд ширүүхэн болж гишүүд МАН-ын удирдлагадаа нэлээд шүүмжлэлтэй хандсан. Зарим нь нэр дэвшиж буй сайдынхаа нэрсийг хүртэл солих санал гаргасан гэсэн. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин дараах хариултыг өглөө.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэргүүн шадар сайдын орон тоо шаардлагагүй. Мөн УИХ-ын гурван гишүүнийг дэмжихгүй гэсэн зөвшилцлийн хариу өгсөн байна?
-УИХ-аас нэр дэвшиж байгаа сайд нарыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гэдгийг хүнээс сонслоо. Энэ бол Ерөнхийлөгчийн байр суурь. Зөвшилцийн хариу бичгээр ирсэн байх. Ямар агуулгатай байх нь хамаагүй. УИХ хуулийн дагуу дараа, дараагийн асуудлаа шийдэх болов уу.-Танай бүлгийн хуралд нэлээд ширүүн болсон гэсэн?
-Манай бүлгийн хурал байнга л болдог. Санаа оноогоо хэлэлцэж ярилцахдаа ширүүхэн байдаг ч нэгдсэн байр сууринд хүрээд л дуусдаг.-Ерөнхий сайд нэр дэвшээд байгаа сайд нарын хамт төрийн тэргүүнээс нэлээдгүй зэмлэл хүртсэн. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж, намын нэр хүнд унагаалаа гэсэн юм биш үү?
-Камерын өмнө төрийн ажил явдаг талаар гишүүд шүүмжилсэн. Олон камер зоочихоод өрөөндөө дуудаж ажил хэрэг ярих ёсгүй. Ярьвал өрөөндөө уулзаад ажил хэрэгч байдлаар уулзах ёстой гэдэг байр сууринаас гишүүд шүүмжлэлтэй хандсан. Нэг нь дуудаж ирээд загнаж, нөгөө хэд нь гэрийн даалгавараа хийгээгүй хүүхэд шиг байхаа болъя гэж шүүмжилсэн.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.