Хэл амны “гимнастик”-аас хол гишүүн
2012.01.23

Хэл амны “гимнастик”-аас хол гишүүн

76:34 буюу Ц.Дашдорж

 

Энэудаагийн 76:? буландаа УИХ-ын гишүүнЦ.Дашдоржийг онцолж байна. Тэрбээр 2000-2004онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Барилга, Хотбайгуулалтын Дэд сайдаар ажиллаж байсан юм. 2008онд алтайчуудынхаа итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээрдахин сонгогдож төр түшилцэж яваа нэгэн билээ.

Амлалт

УИХ-ын гишүүн Ц.Дащдоржийг бага ярьж, их хийдэг хүн хэмээн ойр дотны хүрээнийхэн нь үнэлдэг. Хамтран ажиллахад түшигтэй, хамгийн гол нь хариуцсан ажилдаа эзэн болдог, хэлж ярихаас илүүтэй хийж бүтээхийн төлөө байдаг хүн хэмээн олны танил эрхмүүд тодорхойлсон байдаг. Тэрбээр 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ намынхаа мөрийн хөтөлбөрийг голчилсон ч өөрийн мөрийн хөтөлбөрийг мөн дэвшүүлсэн байна. Говь-Алтай аймгийн хөгжлийн амин судас бол "Алтайн хөгжлийн гурвалжин" хэмээн тэр тодорхойлоод байгаа. Өөрөөр хэлбэл, Алтай нутагт хөгжлийг бий болгохын тулд Ус,  Эрчим хүч,  замын асуудлыг нэн тэргүүнд анхаарч ирснийг алтайчууд сайн мэднэ. Тэгвэл одоо "Алтайн хөгжлийн гурвалжин" амьдралд хэрхэн биеллээ олсныг эргэн харах цаг нь иржээ.


Цээлээс бусад бүх сумд болон аймгийн төв 24 цагийн цахилгаан эрчим хүчтэй болжээ. Харин Цээл сумыг "гэрэл"-тэй болгох 1.2 тэрбум төгрөгийг 2012 оны төсөвт тусгуулаад байгаа гэнэ. Алтай сумын хувьд нарны эх үүсвэрийн эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах боломжтой болсон аж. Ая тухтай амьдрах, хөдөлмөр, бизнес эрхлэх өргөн боломжийг дагуулсан эрчим хүчний асуудал тус аймагт үндсэндээ шийдэгдээд дуусаж байна. Хатуу хучилттай зам тавих ажил эхэлсэн. Одоогоор Алтай хотоос Баянхонгор чиглэлд 40-өөд километр зам тавигдсан, ажил үргэлжилж байгаа. Бүхэлдээ энэ хавар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ тэрбээр саяхан тойрогтоо ажиллахдаа иргэд сонгогчдодоо дуулгажээ.

 

Түүний хувьд 2005 онд Барилга хот байгуулалтын дэд сайд байхаасаа Говь-Алтай аймгийн ундны усны асуудлыг хамгийн чухалд тооцон анхаарч ажилласан байна. Энэ хугацаанд Говь-Алтай аймгийн газар доорхи системийг бүрэн шинэчилж дуусгасан. Түүнчлэн Улаанбоомын усан цахилгаан станцын нуураас ундны ус татах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг 100 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр хийлгэсэн байна. Ямартай ч энэ асуудал биеллээ олох шатандаа байна. Дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэж, "Алтайн хөгжлийн гурвалжин"-ийн үр шимийг орон нутгийнхандаа хүртээхийн төлөө тэрбээр эмнэлэгт хэвтэж байх үеэрээ ч тойргийнхондоо очиж санал бодол солилцдог байсан гэнэ. Говь-Алтай аймагт дэвшүүлсэн түүний мөрийн хөтөлбөрийн биелэлтэд иргэд нь "сайн" дүн тавьдаг гэсэн. Амласнаа ажил хэрэг болгохын төлөө өөрийн эрүүл мэндийг умартан цаг наргүй зүтгэж ирсэн гишүүндээ Алтайчууд үнэхээр  ам  сайтай. Тийм  ч учраас Алтайдаа тэрбээр хамгийн нэр хүнд байдаг юм билээ.

Амжилт

Тойргийнхоо иргэдийн хүсэж хүлээж байсан бүхнийг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахад ихээхэн цаг заваа зориулж ажиллажээ. Мэдээж, Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын гишүүнийхээ хувьд Ц.Дашдорж Засгийн газраас өргөн барьсан хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт орж ажиллажээ. 2000- 2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулга, Харилцаа холбооны тухай хууль,
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын ордуудыг түшиглэсэн концепц, Худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн тухай хууль зэрэг манай орны хөгжлийн тэргүүлэх салбар болон ашигт малтмал, эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй 32 хуулийн төслийг санаачлан ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр ажиллаж байжээ. Шинэ парламентын
үйл ажиллагааны өнгөрсөн хугацаанд Ц.Дашдорж Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын  чуулганы  нэгдсэн  болон байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг зэрэг хэд хэдэн чухал үүрэг хүлээсэн ажлын хэсэгт орж ажиллажээ.

 

Ц.Дашдорж гишүүн "Уул уурхайн баялаг нэг л өдөр дуусна. Харин үүнээс орж ирж байгаа мөнгийг оюуны хөрөнгө оруулалт болгон хүнээ хөгжүүлэхэд, дэд бүтцийн салбарт, орон сууц босгох суурь бүтцийг бий болгоход шингээх ёстой" гэсэн зарчмыг баримталдаг. Тиймэзс аливаа инженерийн дэд бүтцийн асуудлыг төр хариуцан шийдэж өгөх, үүнд тулгуурлан хөрөнгөжих ёстой. Иргэдээ мөнгөжүүлэх нь нэн чухал гэсэн түүний байр суурь Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг санаачилагчидтай нийцдэг. Их бүтээн байгуулалт бий болгож байгаагийн гол утга учир нь хүн байгаа орчиндоо сайхан амьдрахын тулд гэж тайлбарладаг. Ингэхийн тулд
хүмүүсийн бодит орлого, моргейжээр авч байгаа зээлийн хоорондын зөрүүг гаргах нь хамгийн чухал хэмээн тэрбээр тайлбарладаг. Ямартай ч алтайчуудын итгэлийг хүлээн төрдөө төлөөлж суугаа түүний хувьд дээрх бүтээн байгуулалттай нягт холбоотой хууль, тогтоол, хөтөлбөрүүдэд гар бие, оюунаа шингээж ирсэн нь эрх барих дээд байгууллагын гишүүний үүргээ сайн гүйцэтгэж байгаагийн илрэл гэлтэй.

Алдаа

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж телевизийн дэлгэц, хэвлэлээр байн  байн гарч, дуулиан шуугианд оролцоод байдаггүй нэгэн.Монгол төрийн ажил утга учиргүй улстөржилт, хэл ам, элдэв  маргаанаас ангид байж тасралтгүй урагшлах учиртай гэсэн зарчим баримталдаг нь үүнтэй холбоотой биз. Энэ "Чимээгүй" араншин нь түүнд ямар нэгэн байдлаар алдаа болдог ч байж болох. Учир нь 2008 оноос хойш жил гаруй хугацаанд хүндхэн өвдсөн. УИХ-ын чуулган байнгын хорооны хуралдаанд суусан гишүүдийн ирцийн бүртгэлд өвчтэй гэх үг тэр хэрээр бичээтэй байсан юм. Харин түүнийг өвчтэй байх хугацаанд тойрогтоо ажилладаггүй, нэгдсэн чуулгандаа суудаггүй гэх сэтгэл муутны хорон үгс багагүй л "тэнэсэн". Ц.Дашдорж гишүүний хувьд эрүүл саруул байсан ч өөрийгөө хамгаалж хэл амны "гимнастик" хийх дургүйгээ нэг сайн харуулаад авсан. ЗТБХБ-ын Сайд Х.Баттулга архи, тамхи үйлдвэрлэгчийг УИХ-д оруулахгүй байх тухай хуулийн төслийг Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байх үеэр УИХ-д өргөн барьсныг бид мэднэ. Харин Ц.Дашдорж үүнийг дэмжихгүй байхыг хүсэж гишүүдийн өрөөгөөр хэсэж явсан гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх зүйл хэвлэлд гарсан. Тэрээр үүнд ямар нэг тайлбар хийгээгүй юм. Харин дараахан нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би хэнээс юу ч гуйх билээ дээ. Миний нэрээр овоглоод байгаа аж ахуй нэгжүүдийн ихэнхийг нь аав маань байгуулсан байдаг. Харин улс төрийн халуун тогоонд явж байгаа гэдэг утгаар нь Ц.Дашдоржид "Монгол тамхи Со"-г нялзаадаг. Тийм болохоор зарим нэг хүмүүс тэгж ярьсан байх" гэжээ. Түүнчлэн өмнөх дөрвөн жил болон одоо ч гишүүдийн өрөөгөөр хэсээд байдаггүй гэдгээ ч хэлсэн байна лээ. Хэрэв тэр нь үнэн бол тэр дэндүү чимээгүй хүн бололтой. Улс төрийн хүрээнд ажиллаж байгаа хүнд байх л зан. Асуудал болгон дээр урнаар донгоддог улстөрчид сайныг авчирсан нь хомсхон. Тэгээд ч хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай байдаг хойно доо.

Тэнэглэл

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурлаас чоно авлах болзолт уралдаан зарласан. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар түүнийг нь ивээн тэтгэсэн. Уралдаан амжилттай явагдаж 270 гаруй чоныг хоморголон устгасан тухай мэдээлэл саяхан гарч шуугиан дэгдээгээд авсан. Гэтэл хоморголон устгасан чонынхоо цус нөжийг гоожуулан эгнүүлэн тавьж сурталчилгаа хийж "том" тэнэглэжээ. Энэ явдлыг аль ч талаас нь ямар ч нүдээр харсан эвгүй бөгөөд дэндүү хэрцгий хэрэг биш үү. Хэдийгээр Алтайд чоно хэт ихдэж, мал байтугай хүнд халддаг болсон ч энэ арай дэндэнэ ээ. Энэхүү том тэнэглэлийг чоно авлах ажлыг талархан дэмжиж буй Алтайн олон малчдын талархлаар цайруулъя.

Ирээдүй

Түүний хамгийн ойрын ирээдүй  ЗТБХБ-ын сайдаар томилогдон ажиллах бололтой. АН хамтарсан Засгийн газраас гарснаар МАН засгаа байгуулах ёстой болсон. Ингээд өдөржин, шөнөжин удирдах зөвлөлөө хуралдуулсны эцэст АН-ын Сайдуудын оронд томилогдох зургаан хүний нэрийг дэвшүүлсэн билээ. Тэдгээр шинээр Сайд болох эрхмүүдийн нэг нь Ц.Дашдорж гишүүн. Түүнийг тус салбарын сайдад нэр дэвшсэн нь олны анхаарлыг ихээр татсан юм. Гэхдээ түүнд энэ яамны дэд сайдаар, тэгэхдээ бүр дараалан томилогдсон гурван ч сайдтай гар нийлэн ажилласан дөрвөн ' жилийн туршлага нь томоохон шалгуурт нийцсэн учраас нэрийг нь дэвшүүлсэн тухайгаа Ерөнхий сайд С.Батболд мэдэгдэл хийхдээ хэлнэ билээ. Харин Ц.Дашдоржийг улс орны хөгжлийн тулгуур болсон томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээд аваад явах чадвартай эсэхээр нэлээд таавар өрнөж байна. Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан ч гэлээ эрхлэх асуудал нь өргөжиж зам тээвэр нэмэгдсэн гэдгийг санал солилцох үеэрээ төрийн тэргүүн хэлж байсан. Хувийн хэвшил болон төрийн албанд ажиллаж, албан тушаалын хор нь тайлагдсан хүн гэж намын нөхөд нь үзсэнээс түүнд итгэл үзүүлэхээр шийдсэн гэнэ. Х.Баттулга сайдын хийж байсан төмөр зам, 100 мянган айлын орон сууц, шинэ бүтээн байгуулалт зэрэг томоохон бодлогыг хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй орж ирж байгаа түүнийг УИХ-аар баталбал орон сууц, ажлын байртай болохыг хүссэн иргэдийн хүлээлтийг үүрч гарах л болно. Гарна гэдгээ ч хэвлэл мэдээллээр дамжуулж хэлсэн байсан. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө биеийг бүр мөсөн эдгэрч хуучин эрч хүч нь эргэж ирсэн учраас улс орныхоо төлөө их зүйл хийхийг хүсч байгаагаа ч тэрбээр нуугаагүй юм. Одоо хэрхэн ажиллахыг нь харах л үлдэж. Харин түүний хэтийн ирээдүй Говь-Алтай нутгаа улам хөгжүүлэхэд зориулагдах нь дамжиггүй. ЦДашдорж гишүүнд хэл амны биш хөгжлийн "гимнастик" чухал байж таарлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.