С.Эрдэнэ: Бид бэлэн халамж амлахгүй, эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгоё гэж байгаа
2012.05.14

С.Эрдэнэ: Бид бэлэн халамж амлахгүй, эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгоё гэж байгаа

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ удаагийн парламентын сүүлийн чуулган удахгүй хаагдах гэж байна. Таныхаар энэ удаагийн парламент хэр сайн ажиллав?

-Энэ удаагийн парламент үе үеийн парламенттай адилхан алдсан оносон, хийсэн бүтээсэн , дутуу орхисон зүйлтэй ийм л парламент боллоо. Өмнөх парламентаас илүү байсан ч гэдэг юм уу, дутуу байсан ч гэдэг юм уу тийм зүйлийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ер нь энэ парламент ямар хэмжээнд, парламентын гишүүд ямар түвшинд ажиллав гэдгийг сонгогчид сонгуулиар л дүгнэдэг шүү дээ. Одоо сонгуулиар л харагдах байх. Эдийн засгийн хувьд улс орны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг харж байхад их л үйл явдлаар баян, эдийн засгийн нэлээн ээдрээт цаг үеийг туулж явж байх шиг байна. Энэ парламентын үед энэ эдийн засгийн асуудал эхлээгүй, бас дуусахгүй юм шиг байна. Цаашаа үргэлжлээд явна л даа. Яагаад гэвэл Монгол улс хөгжих үү, эс хөгжих үү гэсэн хөгжлийн торгон ирмэг дээр зогсож байна. Харамсалтай нь энэ парламент бас тодорхойлж чадсангүй. Дараагийн парламент тодорхойлох байх. Яагаад гэвэл одоо дахиад хүлээх тухай ойлголт байхгүй. Нэг бол уруудах доройтох зам руугаа явна. Нөгөө бол өөдлөх дэвжих зам руугаа явах ийм л сонголт үлдлээ.

-Та бүхнийг парламентад суух хугацаанд урагшилсан салбар байна уу?

-Яг одоо урагшлаад сүйд болтлоо өөд нь татсан салбар алга байна. 3 жил гаран хугацаанд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, дангаараа олонх засаг байгуулаад явж байгаа үеийг харж байхад улс орны эдийн засгийг өөд нь татах дорвитой алхам хийж чадсангүй. Магадгүй Оюутолгой, Таван толгойн гэрээ гээд олон юм ярих л байх л даа. Би анхнаасаа л Оюутолгой, Таван толгойн гэрээний эсрэг байсан гишүүдийн нэг. Хамтарсан Засгийн газрын ч эсрэг байр суурин дээр байсан. Өнөөдөр ч энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Яагаад гэвэл энэ төр эдийн засгийн болоод улс төрийн хөгжлийг бодитой урагшлуулах алхам хийж чадаагүй. Энэ нь юундаа байсан гэхээр хяналтгүй, хариуцлага тооцох чадамжгүй байсантай холбоотой. Тийм учраас энэ Засгийн газар их сул, маш задгай байлаа. Тэгээд УИХ-аас гарч байгаа удаа дараагийн хууль тогтоолын хэрэгжилтийг ерөөсөө хангадаггүй. Тэглээ гээд хариуцлага хүлээдэггүй, тийм учраас ажил явсангүй л дээ. Би тэгж л дүгнэж байна. Мэдээж улс оронд хэрэгтэй эрх зүйн олон зохицуулалтыг хийсэн. Олон хууль баталсан. Энэ бол парламентын хийх ёстой л ажлын нэг.

-Олон хууль батлагдаж гарсан ч хуулийн хэрэгжүүлэлт, хяналт их сул байлаа гэж хүн болгон шахуу хэлж байгаа. Хуулийн хэрэгжилт, хяналт яагаад сул байв аа?

-Хуулийн хэрэгжилт, хяналтын тогтолцоо тийм чанартай байж чадсангүй л дээ. Жишээлбэл, УИХ-ын 27-р тогтоолоос эхлээд 39, 40, 57-р тогтоол гээд УИХ-ын маш олон тогтоол, маш олон хуулиуд амьдралд хэрэгжсэнгүй. Энэ бол монголын төр үнэхээр шинэчлэгдэх, өөрчлөгдөх цаг болсныг хэлж байгаа юм. Монголын ард түмэн ч гэсэн төрөө цоо шинэ бүрэлдэхүүнээр солих зайлшгүй шаардлага тулгарчээ л гэж харж байна.

-Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль боллоо. Намуудын мөрийн хөтөлбөр ч гарч эхэлж байна. Өмнөх сонгуулиар дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар намууд огт ярихгүй юм?

-2008 онд ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Ялагдсан нь энэ үүргийг хүлээхгүй. Тэр утгаараа МАН үнэмлэхүй ялалт байгуулж 46 суудал, манай нам 27 суудал авсан. Жишээ нь цөөнхийн гурван гишүүнээс танай мөрийн хөтөлбөр хэр биелсэн бэ гэж асууж болохгүй биз дээ.

-2008 оны сонгуулийн дараа АН, МАН-тай хамтран хамтарсан Засгийн газар байгуулж хамтарсан мөрийн хөтөлбөр гаргаж байсан. Одоо болохоор ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Олонх болсон нам нь урьсан учраас манай нам Засгийн газарт орсон. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол тусдаа зүйл. Гэхдээ л хамтарсан ч мөрийн хөтөлбөр нь хангалттай хэрэгжээгүй. Тиймээс АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж байгаагүй. Хэдийгээр цөөнх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэггүй ч 2012 оны улсын төсөвт иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа буюу Эрдэнийн хувийн хувьцааг олгох ажлыг батлуулж чадсан. Энэ бол АН-ын 2008 онд сонгогчдодоо амласан мөрийн хөтөлбөр. Газрын хэвлийд байгаа баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульд заачихсан. Үнэхээр ард түмний өмч мөн л юм бол иргэн бүр хувь хүртэх эрхтэй. Түүнээс биш цөөн тооны олигархи хувааж идээд ард түмэн нь ядуу, өлөн зэлмэн амьдрах ёсгүй шүү дээ. Стратегийн 15 орд түүнээс гадна дээрх ордын тоонд орох магадлалтай 40 орд, нөөц <нь бүрэн тогтоогдоогүй 400-500 орд гээд Монголын газар нутаг дээр ямар их баялаг байна. Ер нь уул уурхайгаас олох баялгаас Монгол улсын иргэд хувь хүртэх л ёстой. Таван толгойн 1072 хувьцаа бол эхнийх нь. Үүнээс гадна дараагийн ордуудын хувь хишиг олгогдоод явах ёстой. 1072 ширхэг хувьцаа аваад л бүх зүйл дуусчихна гэж ойлгох нь буруу.

-Одоо намууд дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө гаргаж байна. Танай намын мөрийн хөтөлбөр бусад намуудынхаас юугаараа өөр вэ?

-Би бусад намуудын мөрийн хөтөлбөрийг одоогоор нарийвчилж судалж хараахан амжаагүй байна л даа. МАН-ын хувьд бэлэн мөнгө, нөгөө юм амладаг тэр зангаараа л юм амлах гэж оролдсон. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хууль их сайн болсон учраас улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр амлалтуудыг үндэсний аудитын байгууллага шалгаад Монгол улсын хөгжилд саад болсон үндэсний эдийн засгийн бодит боломжид багтахгүй амлалтуудыг хасуулах арга хэмжээ авсан. Үүний үр дүнд жишээ нь МАН-ын нэлээн олон зүйл заалтуудыг хаслаа л даа. Төрийн албан хаагчийн цалинг 1,3 сая төгрөгт хүргэх, иргэн бүрт 21 мянгыг үргэлжлүүлэн өгөх гэх мэт энэ бүгд хасагдлаа. Энэ бол шинэ хуулийн үйлчлэл сайн байгаагийн илрэл гэж ойлгож байгаа.

Нөгөө талаар манай намын хувьд иргэддээ бэлэн мөнгө халамж амладаг асуудлыг больё. Зүгээр л эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ авчирч өгье.

Хүн өөрөө чөлөөтэй хөдөлмөр, бизнес эрхлэх тэр эрх чөлөөг нь олгоё гэж байгаа. Үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр иргэн бүртээ эрх зүй, эдийн засгийн тэгш боломжийг олгоё гэж байгаа юм. Манай мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа тэр. Хүн хөдөлмөрлөж л байх юм бол, хийж бүтээж л байх юм бол тэр хэмжээгээрээ сайхан амьдардаг. Тэр хэмжээгээрээ орлогоо хуримтлуулдаг. Ийм бодит боломжийг иргэддээ олгоё. Энэ нь бэлэн мөнгө, халамж амлахаас хэд дахин илүү ашигтай юм аа. Улс орны ирээдүйд хэрэгтэй юм аа гэсэн санаагаар мөрийн хөтөлбөрөө хийсэн.

-Тэгвэл хамтарсан Засгийн газрын үед олгогдож байсан Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг МАН-ын мөрийн   хөтөлбөрийн биелэлт болж байна уу?

-Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг бол МАН болон АН-ынх ч биш. Үндсэндээ тухайн үед ярилцаж байгаад уул уурхайн ашигт малтмалаас олсон баялгийг хэрхэн хувиарлах вэ, хаана төвлөрүүлж, юунд зарцуулах вэ гэдэг дээр нэлээн маргалдаж байгаад Хүний хөгжлийн сан байгуулах нь зөв. Уул уурхайн ашигт малтмалаас олсон орлогын санд төвлөрүүлээд хүний хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийе гэж тохирсон. Харамсалтай нь хүний хөгжлийн чиглэлээр иргэдээ, хүнээ бүрэн утгаар нь хөгжүүлж чадсангүй. Тухайн үед миний ойлголтоор сургууль, цэцэрлэг биеийн тамирын талбай ч юм уу улс оронд ажлын байр нэмэгдүүлэх томоохон аж үйлдвэрийн чиглэлийн ажлууд хийгдэнэ гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр Хүний хөгжлийн сан зөвхөн бэлэн мөнгө тараадаг газар болчхоод байна. УИХ-аас гишүүдийн бодож төлөвлөж байснаар хууль нь их зөв гарсан ч хуулийн хэрэгжилт л буруу яваад байна."

-Танай намын мөрийн хөтөлбөр мөн аудитынгазраас   буцаагдсан билүү?

-Манайх буцаагдаагүй. Аудитын газраас манай мөрийн хөтөлбөрийг үзээд 17 жижиг зүйл дээр тухайн заалт үг үсгэн дээр анхаарах зөвлөмжийг өгсөн. Тэрний дагуу АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаад зөвлөмжийн дагуу зарим нэг заалтуудыг өөрчилж мөрийн хөтөлбөрөө сонгуульд оролцох хүсэлтийнхээ хамт СЕХ-нд өргөн барьсан.

-Нийслэлд УИХ, НИТХ-ын сонгууль хамт болох нь иргэдийг төөрөгдүүлэхэд хүргээд байна. УИХ, НИТХ-ын сонгууль хамтдаа явахаар будлиан гарвал яах вэ?

-Энэ сонгуульд хүн ойлгож ядаад байх юм ерөөсөө байхгүй. Нэг хүн нэг л хуудас авна. Хуудасны нэг талд УИХ-ын сонгуульд саналаа өгөх нөгөө талд НИТХ-д саналаа өгөх ийм л асуудал байгаа. Хөдөө орон нутагт зөвхөн УИХ-ын сонгууль явна. Нийслэлийнхэн бол харьцангуй мэдээлэл сайтай орчинд байгаа. СЕХ үндсэн үүргийнхээ дагуу хууль тайлбарлах таниулах ажлаа үлдэж байгаа хугацаанд идэвхтэй явуулах юм бол УБ хотын иргэн бүр саналаа өгөх мэдэгдэхүүн мэдлэгийг олоод авах хангалттай хугацаа байгаа.

-Сонгуулийнөмнө цахим үнэмлэх тараагдахгүй байх магадлал өндөр байгаа. Ер нь цахим үнэмлэх тараагдаж амжих уу?

-Ядаж нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхний асуудлыг шийдээч ээ гэж шаардлага, саналыг хууль зүйн сайдад байнга тавьж байгаа. Хэрэв цахим үнэмлэх тараагдаагүйгээс болоод янз бүрийн будлиан маргаан үүсэх юм бол хариуцлагыг иргэний цахим  үнэмлэхийг зогсоосон, саатуулсан этгээдүүдтэй тооцно.

-Цахим үнэмлэх нийслэлд тараагдаж амжихгүй бол сонгууль болохгүй гэсэн үг үү?

-Болно л доо. Ямар нэг байдлаар өөр зүйлээр орлуулах арга хэмжээг авч сонгуулиа явуулна шүү дээ.

- УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва төрийн тэргүүн байсан хүнд хүндэтгэлгүй хандлаа гэсэн мэдээллийг хийсэн. Нэгэн цагттөрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгчийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Монгол улсын иргэн хэн ч бай хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэг байр суурь баримталдаг. Тухайн иргэний гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно шүү дээ. Хэн нэгэн албан тушаалтан, аль нэг улс төрийн нам үүнийг тогтоохгүй. Би ч гэсэн тухайн үед ийм нөхцөл байдалтай тулгарч байсан. Тэр ч бүү хэл УИХ- ын гишүүний түр үнэмлэхээ халаасалчхаад шүүх дээр очоод шүүгдэж л байлаа. Тэр үед хилс хэрэгт гүтгэгдэж, шүүх надад зургаан жилийн ял шийтгэл ноогдуулсан. Шоронд гурван сар хоригдоход үнэхээр хэцүү л байдаг юм билээ. Сэтгэл санаа, ар гэр гээд бүх л юм-дарамттай хэцүү. Гэхдээ эцсийн бүлэгт Дээд шүүх үнэн мөнийг нь тогтоосон. Надад хуулийн байгууллагад шалгагдаад, шүүхээс ял шийтгэл авч байхад үнэхээр хэцүү байсан. Ямар нийгэмд амьдраад байна гэж бодох үе олон л гарсан. Гэхдээ би шантраагүй. Манайхан заримдаа хэтэрхий туйлширч, хэн нэгнийгээ заавал ямар нэр зүйлтэй холбодог нь гэм биш зан.

-Нөгөөталаар төрийн тэргүүн байсан хүний хувьд хэтэрхий хүндэтгэлгүй харьцлаа гэдэгтэй санал нийлж байна уу?

-Төр засгийн зүгээс тодорхой хэмжээнд хяналт тавьж анхаарлаа хандуулж байна гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа уулзуулсан байсан. Гэхдээ хоригдож байгаа хувь хүн гэдэг утгаараа бахархах зүйл биш л дээ. Хүний эрхэнд хоригдоно гэдэг сайхан зүйл биш. Тэр хүнд ямар байгааг хувь хүнийхээ хувьд маш сайн ойлгож байна. Хүнд хамгийн эрхэм зүйл эрх чөлөө байдаг.

Гэхдээ миний бодлоор хэн ч бай, ямар ч нөхцөлд гэм буруугүй гэдгээ шүүхээр эцэслэн тогтоолгох ёстой.

Гэм буруугүй гэх юм бол суллагдаад бусдын адил ажлаа хийгээд явна. Зарчим нь бол Н.Энхбаяр ч бай жирийн иргэн Бат, Доржоос эхлээд олон хүн шүүх цагдаагийн хаалга татаж, шалгагдаж байна шүү дээ. Тэр бүхэнд Хүний Эрхийн комисс эрхийг нь зөрчиж байна гэж дуугараад байдаггүй биз дээ. Мэдээж төрийн өндөр албан тушаалтай байсных нь хувьд хүндэтгэх нь зөв. Тухайн үедээ би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихсан, дархан эрх нь үүсчихсэн байхад шүүхийн өмнө зогсож л байлаа. Яагаад гэвэл хууль, шүүхийн байгууллага дуудахад нь очоод мэдүүлэг өгөх нь иргэн бүрийн үүрэг. Энэ асуудлын тухайд аль аль нь алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Монгол ёсоо бодоход шүү дээ. Өнөөдөр П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бай төрийн тэргүүн байсан утгаар нь хүндэтгэлтэй харьцах үүрэгтэй. Тэр талаасаа манай иргэдэд цочирдсон зүйл болсон. Аяндаа цаг хугацааны хувьд шалгагдаад нотлогдох зүйл юм даа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд асуудлыг улам хурцатгаж өлсгөлөн зарлаж байгаа нь зөв үү?

-Яагаад тийм шийдэлд хүрсэн гэдэгт дүгнэлт өгөх эрх надад байхгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.