2012.05.11

Г.Баярсайхан: АН сонгуульд оролцох галын бэлтгэлээ сайн базаасан

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Сонгууль хаяанд ирлээ. Танай нам дахь тойрог хуваарилалтын ажил юу болж байна. Хаана дэвших вэ?

-Хэнийг хаана дэвшүүлэх вэ гээд нам ажил ихтэй л байна. Миний хувьд Чингэлтэй дүүрэгтээ дэвшинэ. Чингэлтэй дүүргээс өнгөрсөн удаа сонгогдож тэнд багагүй ажлыг хийсэн. Тэгээд ч тойрог солино гэдэг олигтой зүйл биш. Яачихсан хүн нь тойргоо сольж зугтаад байдаг юм бол. Гэхдээ миний Чингэлтэй дүүрэгт дэвших эсэхийг ҮЗХ, намын шат шатны байгууллагаар хэлэлцэж шийдэх журамтай. Нэр дэвшигчдийг тодруулах хурлууд болсны дараа энэ асуудал тодорхой болно.

-Иргэд сонгогчидтойгоо уулзав уу. Чингэлтэйн сонгогчид танд ямар дүн тавьж байна. Одоо та тэдэнд юу амлах вэ?

-Намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчийн амлалт гэдэг өөр зүйл. Манай нам хамтарсан Засгийн газарт орж ажиллаад олон асуудлыг шийдсэн. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тодорхой хэмжээнд хангагдсан гэж ойлгож байгаа. Харин миний өгсөн амлалтын хувьд гэвэл уул уурхай, байгаль орчны асуудалд анхаарлаа түлхүү хандуулна гэсэн. Тэгж ч ажилласан. Өнөөдөр монголчууд уул уурхайг ашиглаад л орхино гэсэн цэвдэг сэтгэлээр асуудалд ханддаг болжээ. Тиймээс би урт нэртэй хуулийг санаачлан батлалцсан. Ер нь байгаль орчинтой холбоотой хуулиудыг санаачлан, гар бие оролцож УИХ-аар батлуулсан. Гэхдээ өнөөдөр том компаниудын лобби гэж айхтар зүйл бий болжээ. Тэр нөлөөнд орсон уу яасан урт нэртэй хуулийг батлалцсан зарим гишүүн маань түүнийхээ эсрэг хуупийг санаачлан гаргасан байдаг. Оюу толгойн 51 хувийг Монгол Улсдаа үлдээмээр байна. Бас гадаадын компаниудад манай нутаг дэвсгэр лиценз хэлбэрээр оччихлоо. Үүнийг таслан зогсоомоор байна. Хийх ажил их байна. Дүүргийнхээ хувьд гэвэл гэр хорооллыг нь орон сууцжуулах ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна даа.

-2012 оны сонгуульд оролцохоор намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, танилцуулсан байгаа. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрхэн дүгнэж байна?

-АН сонгуульд оролцох галын бэлтгэлээ сайн базаасан гэж ойлгож байгаа. Үнэхээр Монголын улс төр цэвэрших ёстой. Энэ утгаараа гадаад дотоодын үндэстэн дамнасан компаниудтай нэр холбогдож байгаагүй. Бусадтай нийлж газар орноо сүйтгэж байгаагүй хүмүүс улс төрийн намуудаас нэр дэвших ёстой. Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож СЕХ-нд өгсөн. Энэ удаагийн сонгуулиар намууд нөгөөгөөсөө давж амлалт өгөхгүй онцлогтой. Тиймээс бид мөрийн хөтөлбөрөө тодорхой зарчмын хүрээнд боловсруулж гаргаад байна. Иргэн бүрт тэгш боломж олгох, баялгийг шударга бус хуваарилалт гэх мэт нийгмийн санаа зовоосон чухал асуудлыг шийдэж өгөх уриа лоозонтой орж байна даа, АН. Нөгөөтэйгүүр манай нам бэлэн мөнгөний амлалтаас татгалзсан. Харамсалтай нь МАН дахиад л 1.3 сая төгрөгт хүргэж цалин нэмнэ гэсэн амлалт оруулсан байна билээ. Улс төрийн намууд тохирсон ш дээ. Мөнгөний амлалт өгөхгүй гэж. Тэгэхээр МАН энэ мэт алдаагаа засах байлгүй дээ.

-Энэ удаагийн сонгуулийг урьд өмнөхөөсөө өөр болно ГЭЖ улс төр судлаачид томъёолоод байгаа. Таны хувьд?

-Сонгууль тунгалаг явагдах ёстой гэсэн ганцхан зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Тэгсэн цагт сонгууль болдгоороо болж өнгөрнө. Үр дүн нь шударга байна. Миний хувьд ухаалаг үнэмлэх, саналын машин гэх мэт зүйлийг заавал ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэр ухаалаг үнэмлэхийг хэвлэн тараах ёстой юм. Харамсалтай нь Иргэний бүртгэлийн газар, хариуцаж байгаа яам, сайд нь асуудалд маш хойрго хандаж байна. Үүнийг нь би сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн оролдлого гэж хардаж байгаа. Царцааны нүүдэл буюу олон дахин санал өгөх гэсэн технологи байдаг. ОХУ-д ч ийм асуудал байдаг юм бйлээ. Царцааны нүүдэл гэдэг аргаасаа манай энэ нөхөд татгалзаж чадахгүй юм шиг байна. Тэгэхээр ямар ч тохиолдолд дээр дурдсан хэрэглэгдэхүүнүүдийг сонгуульдаа ашиглаж шударга явуулах боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд сонгууль тунгалаг болно.

-Иргэний ухаалаг үнэмлэх хэвлэгдэхээ больсныг Ц.Нямдорж сайдтай холбож тайлбарлаад огцруулах ёстой гэж АН-ынхан үзсэн. Гэтэл нам нь хамгаалаад л үлдлээ. Тэгээд ч ухаалаг үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болсон. Та нарын зүгээс үүнд хэрхэн анхаарч байна?

-Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэхдээ зарим гишүүдийн халдашгүй байдалд халдсан гэдэг үндэслэлийг гол болгосон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Би мэдээлэл аваагүй" гэж хэлсэн байдаг. Бас энэ сайд маань “Намайг алж байж дуугүй болго” гэж төрийн хүнд байж боломгүй үгийг хэлж байсан. Бусад шалтгааныг тоочилгүйгээр хэлэхэд энэ хоёр үгийг хэлснээрээ Ц.Нямдорж сайд огцрох ёстой байлаа. Тиймээс манайхан энэ хүнийг уучлал гуйлгахаар, бүр огцруулж улс төр, ёс зүйн хариуцпага тооцохоор асуудлыг дэмжсэн. Хариуцлагагүй үг хэлснийхээ төлөө Ц.Нямдорж уучлалт гуйсан. Харамсалтай нь УИХ-ын олонхи аваад үлдлээ. Энэ нь Ц.Нямдорж “Би огцорвол, та нар ч гэсэн чирэгдэнэ шүү" гэж заналхийлсэнтэй нь холбоотой юм шиг байна лээ. Ингэж Ц.Нямдорж суудалдаа үлдсэн нь тэр аалзны, тор, сүлжээ нь ямар бат бөх юм бэ. Ц.Нямдорж хүн бүхнийг айлгаж байна, дальдчааж байна гэж харагдаж байгаа.

-Ц.Нямдорж сайдыг “Би огцорвол, та нар ч гэсэн чирэгдэнэ шүү” гэж хэлсэнтэй нь холбоотойгоор огцруулах саналыг гаргасан гишүүдийн зарим нь байр сууриасаа ухарлаа гэж ойлгож байгаа юм уу?

-Ер нь нэг үг хэлснээ 360 градус өөрчилдөг ийм гишүүд УИХ-д байж таарах уу гэж асуумаар байна. Гишүүн хүн хэлсэн үг, зурсан гарын үсэгтээ үнэнч байх ёстой. Манай намын гишүүд хэлсэн бол, зурсан бол байдал яаж ч эргэсэн байр суурьтаа байсаар байдаг. Ингэх байсан юм бол яах гэж гарын үсэг зурж савсганасан юм бэ л гэмээр байна. УИХ ямар тоглоомын газар юмуу.

-Н.Энхбаяр даргыг баривчилснаас эхтэй энэ асуудал өнөөдөр ч намжаагүй байна. Түүнийг шоронгоос эмнэлэгт шилжүүлээд байгаа?

-Энэ бүх зүйлийг буруушааж харах бус АТГ-ыг ажлаа хийж байна гэж дүгнэх ёстой. Зарим гишүүд чуулганы хуралдаан дээр баяр хүргэе гээд байсан. Баяр хүргэх асуудал биш ш дээ энэ. Олон жил манайхан АТГ-ыг загас жараахай дэгээдлээ гэж ярьсан. Тэгэхээр АТГ ийм байдлаар бусдаас хараат байж ингэж л ажиллах ёстой. Харин Н.Энхбаяр гэдэг хувь хүнийх нь талаар өөр байр суурьтай байгаа. Өлсгөлөн зарлаад биед нь өөрчлөлт орсон байна лээ. Ийм тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх ёстой. Би өлсгөлөн зарласны дараахь нөхцөл байдалд улс төрийн өнцгөөс бус тангараг өргөсөн эмч хүний хувиар байр сууриа илэрхийлж байна. Ер нь өлсгөлөн бол бие организмд хамгийн хортой асуудал болдог. Гэхдээ улс төрийн өнцгөөс нь асуудлыг харвал олон жил төрийн өндөр албан тушаал хашсан энэ хүний нэр хээл хахуулийн асуудалд хамгийн их холбогддог. Уг нь үнэн зөвийг өөрөө гаргаад хэлчих учиртай. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг хөндлөнгөөс дүгнэх ёсгүй. Тэд хуулийн хүрээнд ажлаа хийх ёстой.

-Энэ асуудалтай уялдаатайгаар МАХН УИХ-д суудалтай болсон нь олон хүний анхаарлыг татаж байх шиг байна?

-Миний харж байгаагаар МАН-д асар том зөрчил байна. Магадгүй энэ зөрчил нь бас нэг нууц, сүлжээтэй холбоотой байх. Бизнес бүлэглэлийн эрх ашиг зөрчигдөж байгаа болохоор эдгээр нөхөд намаасаа татгалзаж байгаа гэж бодож байна. Гэхдээ МАН, МАХН бол нэг гал тогоотой. Хоёулаа л коммунист угшилтай. Тэгэхээр гишүүд нь МАН-даа ч байна уу, МАХН-даа ч байна уу, ялгаагүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.