С.Эрдэнэ: 2008 оных шиг сонгогчдын тоо зөрөх үү, үгүй юу
2012.05.10

С.Эрдэнэ: 2008 оных шиг сонгогчдын тоо зөрөх үү, үгүй юу

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Сугар /УИХ-аас нэр дэвшүүлсэн/ болон Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж байгаа Т.Лхагва нарын асуудал байв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нийгмийн даатгалын сангийн мөнгийг татвараас чөлөөлөх шийдвэр УИХ гаргаад байтал ҮХЦ үүний эсрэг шийд гаргасан байгаа, түүнчлэн нөгөө ”гулсдаг” заалтыг мөн Үндсэн хуулийн цэц болиулсан гээд ярих зүйл олон байна. Тэгэхээр та хоёр ҮХЦ-ийн гишүүнээр очоод ийм улстөржсөн шийд гаргаад байх уу гэлээ.

Мөн Д.Сугараас яагаад ТӨХ-ны даргаас чөлөөлөгдсөн юм бэ гэж асуусан. Харин нэр дэвшигчид хуулийн дагуу асуудалд хандана гэж асуултад хариулсан юм.Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, өмнө нь Д.Сугар та хуульч хүн байж С.Зоригийн аллагын үеэр асуудлыг улс төржүүлж байсан, ийм ноцтой хэрэг явдлыг ингэж болохгүй гэдгийг та өөрөө сайтар мэднэ. Энэ асуултыг асуух гэж олон жил бодож яваад сая тохиол таарлаа гэсэн юм.

Харин хариуд нь Д.Сугар хэлэхдээ, нэг удаа л ярьсан байх. Нэг их олон яриагүй гэхчлэн тайлбарлаад, тухайн баримт сэлтийг улс төрд ашиглах бодлого байгаагүй гэв.Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ТӨХ-ны даргаас яагаад больсноо хариулахдаа асуудалд шударга хариулахгүй булзааруулаад байна гэж байлаа. Харин Д.Сугар бөөрөнхийлөөгүй, эхнэрээ эмчлүүлэх гээд чөлөө авсан зэргээр өмнөх хариултаа давтсан.УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, ҮХЦ-ийн Тамгын газрын даргаас мөн асуулт асууж, нэр дэвшигч хоёр хүнийг хууль зөрчсөн асуудал гаргахгүй байхыг сануулж байлаа. Тэрээр УИХ-ын болон орон нутгийн хоёр сонгууль зэрэг явагдана гэдэг нь бэрхшээлтэй байдаг, бусад орны практик ч тийм байдаг талаар энэ үеэр мөн хэлж байсан. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулиа дээдлэх өндөр зарчим зөрчигдөх магадлал зарим талаараа алдагдаж болох ч ийм үед та хоёр томилогдох нь гээд Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахгүй ажиллахыг нэр дэвшигчдэд захиж хэлж байсан.Ингээд санал хураалт явуулж, Т.Лхагва, Д.Сугар нар олонхийн саналаар дэмжлэг авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.Дараагийн асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай байсан бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын зүгээс СЕХ-д гишүүнээр нэр дэвшүүлж буй Г.Гэрэлт-Од, Б.Ганбат нарыг танилцуулсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга мөн СЕХ-д нэр дэвшигч Б.Билигтийг танилцуулсан юм.

Үүний дараа УДШ-ээс нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарын танилцуулгыг гишүүд сонслоо. Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг ТББ-ын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг уншсан юм. Ингээд асуулт асууж үг хэлэх үеэр гишүүн Э.Бат-Үүл, Р.Раш, С.Ламбаа, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар санал бодлоо хэлж, нэр дэвшигчдийг сайн ажиллах, хууль дүрмийг нягт барьж шударга ажиллахыг захиж байлаа. Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр нэр дэвшигчдийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад бүгд дэмжигдсэн.УИХ-ын нэгдсэн чуулганаар дараагийн хэлэлцсэн асуудал бол "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ асуулт асууж, сонгуулийн санал өгөх хүмүүсийн тоо зардлынхаа тооноос хол зөрүүтэй байдаг талаар 2008 оныхоор жишээ татан тодруулсан юм.

Мөн энэ үеэр сонгуулийн зардалд нэмж тусгасан 100 сая төгрөгийн асуудлыг тодруулж, вэб камер авахад зориулан нэмж тусгасан тухай яригдав. НИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэг нэрийн жагсаалтаар сонгууль явахаар байгаа гэхчлэн чуулганы танхимд ирсэн Ажлын хэсэг гишүүдийн асуултад хариулсан бол С.Эрдэнэ гишүүн 2008 оных шиг сонгогчдын тоо зөрөх үү, үгүй юу гэдэгтээ хариулт авах хэрэгтэй байна гэж байлаа.Н.Батбаяр гишүүн вэб камер тавихад зориулах 100 сая төгрөг хангалттай хүрэх юмуу, Улаанбаатар хот, аймгийн төвүүд дээр камер тавихаар Байнгын хороон дээр тогтсон байтал одоо болохоор зөвхөн нийслэлд гээд ороод иржээ.

Энийг тайлбарлана уу гэхэд Ц.Батбаяр гишүүн хариулахдаа, өчигдрийн ТББ-ын хороон дээр УИХ-ын гишүүн З.Энхболд гэнэт санал гаргаад асуудлыг оруулж ирсэн бөгөөд түүнээс тодруулж асуу гэж байсан ч Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн З.Энхболд нар нэмэлт 100 сая төгрөгийн учрыг дэлгэрэнгүй тайлбарлан, зардал хүрнэ гэж байлаа.Ингээд нэмэлт 100 саяын асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу санал хураалгаж, дэмжигдлээ. Түүнчлэн "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан бөгөөд гишүүд эцсийн найруулгыг нь мөн сонслоо.Дараа нь гишүүд Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу анхны хэлэлцүүлгээр нь баталсан болно.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүлгийг хийлээ. Эдгээрийг Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн болно. Ингээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан.Чуулганы хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төслийн Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж бүгд дэмжигдлээ.

Боловсролын туслах ажилтан гэдгийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан гэж ойлгоно гэсэн зарчмын зөрүүтэй саналыг ч мөн дэмжсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт дээрх албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан хүн хэрэв өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс жил ажилласан бол өндөр насны тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах санал ч дэмжлэг авлаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.