Л.Гантөмөр: Монголд болж буй бүх хууль зөрчсөн асуудал цэвэр засгийн газрын ажил
-Хүссэн хүсээгүй сонгууль хаяанд ирчихлээ. Уг нь ухаалаг үнэмлэх 2008 оны сонгуулиас өмнө л яригдаж байсан асуудал. Гэвч өнөөдрийг хүртэл ухаалаг үнэмлэхтэй болж амжсангүй. Товчхондоо 2012 оны сонгуулийг хуучин үнэмлэхээрээ өгөх нь тодорхой болчихлоо. Гэвч асуудал байна. Гишүүд эсвэл холбогдох албаныхан бүлхий луйвар гаргахгүй байхаар авч хэрэгжүүлэх аргачлалууд нь нэг л бүтэлгүй сонсогдоод байгаа. Энэ талаар хувь хүний хувьд ямар бодолтой явна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн ярих юм бол Хуульзүй, дотоод хэргийн сайд хуулиа биелүүлж ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүсийн өмнөөс бид нар санаа зовоод олон талаас нь яриад байх шаардлагагүй гэж бодож байна. Тэд үүрэг хүлээсэн хүмүүс, Монгол төрийн сайд нар. Монгол төрийн сонгуулийг Монголын Засгийн газар явуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу сонгуулиа явуул.
-Үнэмлэх саатсан асуудлын тухайд хурдавчлах тухай ярихаасаа илүүтэйгээр хэн нэгнийг буруутгахад илүү анхааралхандуулаад байхшиг?
-Ажлаа л хий л дээ, тийм биз дээ. Чадна ш дээ. Албаар саатуулж байгаа байхгүй юу. Тайлбар сонсмооргүй байна. Бидэнд мэдээллээ өгөх ёс суртахууны эрх тэдэнд байхгүй. Болохгүй байна л гэх юм. Болохгүй бол яахыгаа өөрсдөө шийд. Бид хуулиа гаргасан. Өдгөө тэдний өмнөөс нь санаа зовоод, яриад өмнөөс нь ажил хийх гэж оролдохоосоо илүүтэй энэ улсуудаас яах гэж сайд болсон юм бэ, яах гэж Засгийн газрын тэргүүний ажил хийж байгаа юм бэ гэж асуух ёстой. Ажлаа хийх хэрэгтэй ш дээ. Танилцуулж байгаад ажлаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ажлаа хий, сонгуулиа цаг хугацаанд нь будилаангүй явуул. Цахим үнэмлэхийг энэ зундаа хүмүүсийн гар дээр хүргэж чадна л гэж харж байгаа. Тэгээд ч цахим үнэмлэх ганц сонгуульд зориулагдсан зүйл биш. Монголын ирээдүйд зориулсан юм. Монголчуудыг ухаалаг үнэмлэхтэй болгож төрийнхөө ямар нэг үйлчилгээг зөв авдаг, хүртдэг болгохын төлөө шийдсэн асуудал. Харамсалтай нь зарим нэг хөдөөний, хуучинсаг бүдүүлэг хүмүүсийн хүсэл сонирхлоор энэ ажил 2008, 2009, 2010 онд гацсан. Бид төсөвт оруулъя гэж зөндөө ярьж, санал гаргасан. Хэдэн нөхөд байдаг юм... Цахим үнэмлэхийг хийхгүй хуучнаараа цаастайгаа зууралдана. Тэр байтугай морио унах ёстой гэдэг нөхөдүүд байна ш дээ, цаана чинь. Тэр нөхдийн дарамтны үр дүнд ажил хэрэг нь нь өнөөдрийг хүртэл хойшлогдсон хэрэг. 2011 онд чүү чамай төсвийг нь баталсан. Батлахдаа Засгийн газар энийг сонгуулиас өмнө хийж чадна гэсэн. Чадах л ёстой.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдахад буруушааж байсан хүний нэг нь та. Хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед далд байсан асуудал өнөөдөр дэлгэгдээд байна уу.Шүүмжлэл их гарч байна л даа, АН-ын зүгээс ч тэр, МАН-ын зүгээс ч тэр. Ингэхэд хамтарсан Засаг ажиллаж байх үед иймэрхүү асуудлууд намын бүлэг дээр хөндөгддөг байсан уу. Эсвэл засгаас гарчихсан учраас илрээд байна уу?
-Байнга л яригддаг байсан ш дээ. Цахим үнэмлэхээ хий. Үнэмлэхээ хийгээд наад хамтарсан засаглалаа буулга. Бүртгэлийг төгөлдөржүүлэх нь манай намын туйлын зорилго. Бид засагт орсны үр дүнд жишээ нь уул уурхайн баялгийн тэгш хуваарилалтыг хийлгэнэ. Хоёрдугаарт сонгуулийг будилаан луйваргүйгээр явуулдаг болгоно гэж зорьсон. Энэ бүхнийг зөвхөн манай нам ялахын төлөө яриад байгаа юм биш. Монгол Улс сонгуулиа будилаангүй хийгээд ард түмнийхээ саналыг авсан хүмүүс нь ялдаг болмоор байна. Хэн ч байсан яадаг юм бэ. Тийм үү. Энэ бол байнга л яригдаж байсан асуудал. Хэвлэлийнхэн та бүхэн сонирхоод үе үеийн төсөв ярьж байх үеийн хурлын протоколыг хараарай. Байнга л цахим мөнгөний мөнгийг суулгахын төлөө зүтгэж байсан. Ямар хүмүүс эсэргүүцэж байсан нь протокол дээр тодорхой байгаа. Гэхдээ одоо хоцорсон гэх ойлголтыг яагаад ингэж хүчтэй өгөөд байна вэ гэдгийг би ойлгохгүй байна.
Үнэхээр хоцорсон юм бол оронд нь яахыгаа бас хэлэх ёстой. Тийм үүрэгтэй. Яагаад гэвэл сонгууль гэдэг намуудын сонгууль биш.
Монгол төрийн сонгууль. Нөгөөтэйгүүр Монгол төрийн хамгийн гол ажлыг нугалдаг хүмүүс нь Засгийн газар. Чадна гэж амласан л бол чадах ёстой. Засгийн газарт ямар боломж, ямар санаа байгаа юм бэ. Тэрнийгээ ажил болго. Олон түмний хэрүүл болгох ямар шаардлагатай юм бэ. Бүлгүүд дээр очоод л болохоо байлаа гэдэг. Тэгвэл яахыгаа өөрөө шийдээч. Болохоо байсан тухай бидэнд ирж хүүхэд нь аавдаа ирээд гомдол мэдүүлж байгаа юм шиг суугаад байж болохгүй ш дээ. Яамаар байна, яахаар байна өөрсдөө шийдээд, юмаа хий. Эцсийн эцэст цахим үнэмлэх монголчуудын гар дээр очих ёстой. Сонгууль будилаангүй явах ёстой. Сонгуулиа будилаангүй явуулах цахим үнэмлэхийг орлосон ямар технологи байгаа юм бэ тэрнийгээ л хий. Ний нуугүй хэлэхэд зарим дүүргийн Засаг дарга нар согтуу хөлчүү дээ, би дөрөв, таван мянган царцаа суулгачихлаа гээд яриад явж байсан мэдээлэл надад байна. Албаар хардлага үүсгэдэг юм уу эсвэл хуулиа зөрчөөд байдаг юм уу мэдэх юм алга. Хянах боломж ч байхгүй.
-Үнэмлэхийг олон хувь хийх боломж байсан гэж харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл хардах үндэслэл хангалттай гэсэн үг. Ингэхэд хардлага, сэрдлэг, үл итгэлцэл дээр сонгууль явуулах гэж байхаар сонгуулиа хоёр сараар хойшлуулчихаж болдоггүй юм уу. Цахим үнэмлэхнийхээ ажлыг амжуулчхаад санаа амар сонгуулиа явуулахгүй юу?
-Болохгүй ш дээ. Наадах чинь С.Батболдын амин хүсэл. Хоёр сарын хугацаанд Таван толгойгоо зараад хэдэн төгрөг олоод тараачихъя д гэж бодож байгаа. Тийм учраас хэдүүлээ ийм юман дээр санаа зовохоо болих хэрэгтэй. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр... Эд нар сонгуулийг хугацаанд нь явуулах үүрэгтэй, тэр ажлаа л хийг. Дараа дараагийн Засгийн газрууд шалтаг хэлээд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх хугацааг хоёр гурав, дөрөв тав, зургаан сараар хожоод яваад эхэлбэл яах вэ. Эрх зүйт төр биш болно шүү дээ.Тэгэхээр бид заавал хугацаандаа сонгуулиа явуулах ёстой. Хэцүү ажил биш шүү дээ. Зүгээр л хийх л хэрэгтэй байхгүй юу. Дор хаяж л Улаанбаатар хотын 800 мянган сонгогчдод зургаадугаар сарын 20-нд багтаагаад цахим үнэмлэхийг нь хэвлээд гар дээр нь өгчих.
-Ц.Шинэбаяр гишүүн Хамуг Монгол намаа байгуулах үеэр иргэний байгууллагуудын төлөөлөл болон нэр бүхий гишүүдийн хамт Өмнөговийн уурхайнуудаар очиж шалгалт хийсэн байдаг. Тухайн үед бүх баримт материалаа гишүүдэд тарааж байсныг санаж байна. Тухайн үед яригдаж байсан туузан дамжуурга одоо нэгэнт баригдчихсан байна лээ. Миний санаж буйгаар тухайн үед ажлын хэсгийн санал чимээгүй дарагдсан?
-Мэдэхгүй юм байна.
-Мэдээллийг бүх гишүүдэд хүргүүлж байсан даа?
-Надад л лав ирээгүй. Тэгээд ч бид аудит, мэргэжлийн хяналтынхан биш. БИд хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хүмүүс шүү дээ. Туузан дамжуурга гэхчлэн хуулийн гадуур хийгдэж байгаа ажил цэвэр Засгийн газрын луйврын ажлууд. Засгийн газар хуулиа барьсан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Бидэнд тэдний ажилд оролцох ямар ч эрхзүйн үндэс, боломж байхгүй. Одоо бид хэт итгэлтэйгээр олон юманд хутгалдаад байна л даа. Жишээ нь цахим үнэмлэх, уул уурхайн компанийн үйл ажиллагаа ч гэдэг юм уу . Хэт итгэлтэйгээр ингэж явдаг нь уг нь буруу. Бид хуулиа баталчихсан, харин Засгийн газар ажил хийх ёстой. Энд тэнд алдаа гарвал тэд л тайлбар өгөх үүрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр бид тэдний өмнөөс нь яриад байдаг. Сүүлдээ ард түмэн ойлгохоо больж байна. Ард түмэн энэ УИХ-аас болоод байна, УИХ-ын буруу ч гэх шүүмжлэх хандлага ажиглагдах болж. УИХ яасан юм бэ, УИХ хууль л батална ш дээ. Юм болгонд бид нар оролцож, та нар ч гэсэн энэ хэдээр яриулах ёстой, энэ хэдээс асуух хэрэгтэй гэдэг харилцаанаас болж сүүлдээ бүх үл ойлголцол УИХ-ын буруу болчих гээд байдаг болж. Харин Засгийн газар элдэв шалтаг шалтгаан хайгаад УИХ руу чихчихдэг. Зүй нь хууль бус бүхий л үйл ажиллагаа Засгийн газрын хараа хяналтад байх ёстой юм.
-Засгийн газар хянахгүй бас тоохгүй байгаа юм чинь. Тэгээд ч та нар хууль баталсан, баталснаараа хууль зөрчөөд байна гэж шаардлага тавих ёстой юм биш үү?
-Монголд өрнөөд байгаа бүхий л юм болохгүй бүтэхгүй асуудлаар Засгийн газарт хангалттай хяналт шаардлага хүргүүлж байгаа. Гол нь энэ бүхний учир шалтгааныг тайлах тайлал зангилаа нь Засгийн газар гэдгийг олон түмэнд зөв хүргэмээр байгаа юм. Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд хэдэн сайдад хариуцлага тооцож, огцруулах шаардлага тавигдаж асуудал яригдлаа. Нэг нь ч бүтээгүй. Бүтээж чадаагүй. Эцэстээ бантан болохгүй гээд яах юм бэ. УИХ юм мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг... УИХ нь дээрээ ч байгаа юм шиг, доороо ч байгаа юм шиг... Маш ойлгомжгүй завхралуудыг бий болгоод байна. Нэг зүйл онцлоход ЦШинэбаяр гишүүний яриад байгаа тэр бүх хууль зөрчсөн асуудал цэвэр Засгийн газрын ажил. Засгийн газар хуулийг чандлан хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэх ёстой. Түүнээс биш тэнд УИХ-ын гишүүд очиж хутгалдах ямар ч эрхзуйн харилцаа алга. Хяналт тавина л гэнэ. Тавилаа гээд яах юм бэ. Юу хийх юм бэ. Жишээлбэл, МХЕГ-ын дарга, Татварын Ерөнхий газрын даргыг огцруулах эрх УИХ-д байхгүй ш дээ. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр УИХ зүгээр л гоншигнодог газар болчхоод байгаа байхгүй юу. Манай дөрөв дэх засаглал УИХ хоёр зүгээр л тайлбар тавьж, шүүмжилдэг байр суурин дээр байна. Гэтэл үнэндээ УИХ дээр хяналтын бүрэн эрх нь ирэх ёстой. Энэ асуудлаар Х.Тэмүүжин гишүүн бид нар УИХ-ын хянан шалгах хороотой зөндөө "үзээд" Ц.Нямдорж, Д.Лүндээ нарын нөхөд эсэргүүцээд хийгээгүй. Уг нь хяналт шалгалтын хороо УИХ дээр байдаг, төрийн албан хаагчид, Засгийн газрын гишүүд ирээд зөвхөн үнэнийг өгүүлнэ гэж тангараг тавьдаг болчихвол одоо УИХ дээр яригдаад байгаа янз бүрийн зөрчлүүдийн учир шалтгааныг бодит үнэнээр нь тайлагнаж буруутай бол буруутай гэдэг шийдвэрийг УИХ гаргавал тэр хүн ажлаа өгдөг болно.
Тэгж байж л парламентат засаглал гэдэг юм чинь бий болно.
Өнөөдөр итгэл хүлээлгэх, эс хүлээлгэх тухай ч юм уу ийм зохицуулалтаа УИХ өөр дээрээ хийж чадахгүй байгаа учраас УИХ шүүмжилдэг гоншигнодог газар болж хувираад байгаа юм. Гэтэл хэвлэл мэдээлэл болоод ард түмэн УИХ бүгдийг шийдэх ёстой гэж хараад суучихсан. УИХ шийдвэр гаргаад хэрэгжүүлэх үүрэг функцуудыг хүмүүс дээр хуваарилаад өгөхөд тэд нар ажлаа хийхгүй бол яах вэ гэдэг нь УИХ-аас халиад явчихсан. Уг нь их хурал Засгийн газрын гишүүдэд итгэлцлийн асуудлыг байнгын хороон дээрээ тавихад л тэд ажлаа өгч байдагсан бол өөрийн чинь хэлж байгаа хяналт шалгалтыг хийх бүрэн эрх үүрэгтэй болох юм. Дээр ярьсанчлан Ц.Шинэбаяр гишүүн асуудалтай газар дээр нь очиж шалгаад гэрэл зургийг нь авчраад УИХ-ын байнгын хороон дээр ярихад л маргааш нь хариуцсан хүмүүс ажлаа өгч байдаг байх учиртай. Ингэж байж л парламентын гишүүдтэй асуудал ярьж болох хэмжээнд очно. Ямар ч эрхгүй газарт та нар хяналт шалгалт хийгээч гээд яах юм бэ.
-Тэгээд яана гэж. Нэг нь хийдэггүй, нөгөө нь бид хянах эрхгүй, боломж ч алга гээд суугаад байж болохгүй биз дээ?
-Дараачийн дөрвөн жилийн парламентад хяналт шалгалтын эрхийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж л парламент нь өөрөө хүчирхэгжиж, Засгийн газар нь хууль зөрчих алхам нэгийг ч хийдэггүй болно. Засгийн газар хуулийнхаа дагуу ажиллаж байхад парламент юу ч хэлж чадахгүй ш дээ. Хууль зөрчсөн ч хараагүй эсвэл мэдэн будилсан эс үйлдэл. Үйлдлээрээ хуулийг гажуудуулсан асуудал үүсгэх юм бол шууд ажлаас нь чөлөөлдөг болчихвол нэлээн хүмүүжилтэй Засгийн газар гарна даа, ажлаа сайн хийдэг. Өнөөдөр хэн ч дээр нь байдаггүй, хэн ч өөрсдийнх нь асуудлыг шийдвэрлэдэггүй болохоор Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүддээ сайхан харагдаад л, өгөө аваатай байгаад болоод явчихаж байгаа юм гэсэн байдалтай байдаг болчихлоо, төрийн албан хаагчид. Аягүй бол намынхаа өмнө нэг их сайн хүмүүс... тэгээд л болоо гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хувь хүмүүс найз нөхөд, Засгийн газрын гишүүд гэсэн будлиан үүсгэж болох субекьтуудын харилцаа бий болчхож.
-Та нийслэлээс сонгогддог гишүүн. Нийслэл олон асуудалтай. Утаа, түгжрэл гээд яриад байвал мундахгүй. Уг нь их л хөрөнгө мөнгө зарцуулах юм. Үр дүн нь тун ч бага. Ингэхэд хийх санаа нь зөв ч, хийх аргачлал нь буруу байгаад байгаа юм болов уу гэж бодогддог л доо?
-Хотын асуудлыг ярихаасаа өмнө хотод эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Хуулиар хот асуудлаа өөрөө шийддэг болох ёстой. Өөрөөр хэлбэл эзэнтэй болгоё. Хэрвээ хот өөрийн сонгосон захирагч, төсөв, мөнгөтэй болчихвол асуудлаа шийдэж чадна ш дээ. Жишээ нь шинээр орж ирэх хүнээ бүртгэж чадна. Машинуудын серийн дугаараар тэгш серитэй машиныг тэгш тоотой өдөр, сондгой серитэйг нь сондгой тоотой өдөр явуулна ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар гудамжныхаа хөдөлгөөнийг зохицуулж, Туул гол, ундны усныхаа эх үүсвэр гээд олон зүйлийг хот өөрөө шийдэх бүрэн боломжтой. Хот асуудлаа парламентаар шийдүүлнэ гэхээр хэцүү болчихдог. Парламентад хөдөөний гишүүд давамгайлдаг.
Тэр утгаараа газар газрын хүмүүсийн сонирхлыг хамгаалах ёстой.
Газар газрын хүмүүсийн сонирхлыг хамгаалахаар хотын асуудал шийдэгдэхгүй үлдчихдэг. Хотын бэрхшээлийг улам л хүндрүүлээд байдаг. Тийм учраас л хамгийн түрүүнд хийх ажил бол хотыг бие даалгаж өөрийн төсөвтэй болгон, өөрсдөд нь эрх мэдлийг нь өгмөөр байна. Гээд байгаа юм. Бас хотын парламентыг байнгын ажиллагаатай болгох хэрэгтэй. Хууль тогтоомжууд тодорхой үйлчлэх цар хүрээгээрээ өндөр түвшинд баймаар юм байна л гэж би боддог. Мэдээж УИХ-ын хотын төлөө хийсэн ажил багадаагүй. Гэхдээ асуудлыг бүрэн шийдье гэсэн ажил хийж өгөхгүй л байгаа байхгүй юу. Наад зах нь улсын төсөв батлагдахад хот дээр ганц нэг асуудал оруулчихъя гээд дайрахад зөрүүлээд л 50 хэдэн хөдөөний гишүүн бид тойрог дээрээ бас юм шийдье гээд унагачихдаг. Ний нуугүй их хурал дээр хот, хөдөөгийн ялгаа гарах л юм бол хөдөө ялдаг. Тооны олноороо... Тийм учраас бид хотыг барилгажуулах, зам, цэвэр усны хангамж, дулаан, цахилгааны асуудал ч гэдэг юм уу тодорхой шийдэх шийдлүүдийг өөрөө шийдэх бүрэн эрхийг нь хотод өгөх л хэрэгтэй. Хотынхоо иргэдийн төлөө гарч ирж байгаа Засаг дарга, Иргэдийн хурал яг хотынхоо иргэдэд зориулаад л онцгой онцгой шийдвэрүүд гаргана ш дээ. Яг л олонхын хүсэл зоригийг хангасан шийдвэр гаргана. Олонх яамаар байна. Утаагүй баймаар байна. Олонх ногоон байгууламжтай, түгжрэлгүй баймаар байна. Олонхын төлөө ямар ч асуудлыг шийдэж болно. Харин Засгийн газар, УИХ бүгдийг нь гомдоохгүйн төлөө байдаг. Олонхын төлөө бус бүх монголчуудыг гомдоохгүйн төлөө гэсэн үг л дээ. Олонхын төлөө явахад цөөнх заавал гомдол гаргадаг. Гэхдээ олонхын төлөө шийдвэр гаргаснаар хот өөрөө хот шиг хот болдог л юм.
-Нийслэлээ нийслэл шиг нийслэл болгохын тулд нэн тэргүүнд шийдэх асуудал энэ юм байна гэж ойлгож болох уу?
-Үүнээс өөр гарц харагдахгүй л байгаа юм даа. Мэдээж УИХ огт ажил хийгээгүй юм биш. Хийсэн. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдсан, энэ ажил хэрэг болоод явна. Хөтөлбөрийн хүрээнд хотын дэд бүтцийн асуудал үндсэндээ шийдэгдчихнэ. Утааны эсрэг нэлээд том том ажлууд хийчихлээ. Хоёр жилийн дараа асуудал нэлээн цэгцрэх боломж харагдаж байна. Цахилгааны үнийг шөнийн цагаар 50 хувь хөнгөллөө. Цахилгаанаар гэр сууцаа халаадаг айлуудын тоо эрс нэмэгдэж байна. Энэ мэтчилэн шийдвэрүүд гаргаад байна. Гэхдээ яг дөрвөн жилийн дотор хотын асуудлыг бүрэн шийдье гэвэл хотод эрх мэдлийг нь өгөх л хэрэгтэй. Тиймдээ ч энэ удаагийн хотын сонгуулийг улстөрийн хүчнүүд хотын даргаа зарласан сонгууль болоосой гэж бодоод байгаа ш дээ. Хотын дарга дээр шууд санал авахгүй ч хэнйй багийг сонгох вэ гэдэг сонгууль болоосой гэж бодож байгаа. Хотын даргад хэнийг, аль намаас гаргаж байгаа юм бэ. Тэр нь тэгээд ямар багийг зарлаж байгаа юм бэ. Тэр багийнх нь төлөө ард түмэн санал өгөг л дөө. Тэгээд тэр хүн нь хотын дарга болоод, тэр хүндээ их хурал нь эрх мэдлийг нь шилжүүлээд өгчихвөл зөв болчих гээд байгаа юм... За тэгээд хот ч гэлтгүй бодох хийх юм их л байх юм. Хатуухан хэлчхээд боловсрол багадаад байна ш дээ улстөрчдийн. Хийх юмаа хийхгүй... Юм юм л дутаад байна даа, бидэнд.
-Түүнээс гадна сүүлийн үед Монголын улстөрд удамшлын асуудал нэлээд өргөжих төлөвтэй байгаа. Нэг намын лидер гэгдэх нөхөр би нэрээ дэвшүүлэхгүй хүүгээ "сойно" ч гэх шиг... Сайн эцэг, эхийн буянд гадаадад. сайн боловсрол эзэмшсэн л байх. Гэхдээ л нэг л биш санагдаад байгаа. Саяхан экс Ерөнхийлөгчийн хүү өргөдлөө уншиж байхыг хараад бүр ч дэмий санагдсан. Хуульч мэргэжилтэй, өндөр боловсролтой залуухан боловсон хүчин Монголд хэрэгтэй, гэхдээ сонгуулийн пи ар шиг юм хийгээд суулгаж байгаа нь гунигтай санагдсан шүү?
-Бидний тавих зорилго жирийн ардын хүүхэд төр түшдэг орчин хадгалагдах л ёстой. Мөнгөгүй, боловсролгүй байж болно, аав нь. Ямар ч ажил эрхэлдэг байж болно, өнчин өрөөсөн ч байж болно. Гагцхүү тухайн хүн өөрийгөө дайчилж, оюун санаагаа өндөр түвшинд хөгжүүлээд боловсролын өндөр түвшинд очоод чадал чансаагаараа ялгарч байвал төрийн ямар ч өндөр албан тушаалд очдог тэр нөхцөлийг хадгалах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр энэ их том дарга нар, баячууд хүүхдээ үнэхээр зөв хүмүүжүүлчхээд Монголын төрийн төлөө явуулж байгаа бол пожалуйста, сайн байна. Гэхдээ би тэгж харахгүй байгаа юм. Бүгдээрээ хүүхдээ эрхлүүлсэн, хүүхдүүдтэй хамт байгаагүй. Зүгээр л гадагшаа цөлсөн хүмүүс байхгүй юу. Тэгчхээд одоо, манай хүүхэд төр түшнэ гээд зүтгээд байхаар нь болж байгаа юм уу, нээрээ юм уу гэж асуумаар байгаа юм. Хамаа алга тэр хүүхдүүд нь жирийн ардын хүүхэд шиг заримдаа өлсгөлөн хонож, өөрийнхөө хуруу хумсаа хугалж байгаад таван цаас олж үзсэн, сонирхлоороо ном эргүүлээд уншчихдаг, хүнтэй хүндэтгэлтэй харьцчихдаг, мөнгөнд ариг гамтай сэтгэл гаргаж чаддаг... Нэг ийм хүмүүжлийг манай томчууд баячууд бас дарга нар хүүхдэдээ өгч чадсан бол болж байна. Аав чинь улстөрч учраас, аав чинь баян учраас чи боль гэж ялгаварлах эрх бидэнд байхгүй. Гэтэл хүүхдэдээ тэр зэргийн хүмүүжил Олгоогүй мөртлөө мөнгө эрх мэдлийн хүчээр "юманд" аваачих гэж байгаа бол буруу л болох байх. Хувь хүний хувьд миний хүсэл сонирхол юу вэ гэвэл жирийн ардын хүүхэд төрийн толгойд гардаг тэр орчин хадгалагдаасай. Намууд нээлттэй байгаасай гэж хүсдэг. Нам гэдэг олон түмний өмч гэдгийг битгий мартаасай. Хэн нэгэн лидер ч юм уу аль нэг хэсэг фракцын өмч хэзээ ч битгий болоосой л гэж бодож байгаа юм. Үнэхээр нээлттэй байгаад чадалтай залуучууд нь ороод байр суурин дээрээ хурдан очдог болоосой гэж хүсэж байна.
Тэгэхийн тулд бидний хийх хамгийн том ажил бол боловсрол.
Монгол хүн болгоныг ур ухаан, авьяас чадвартай, хүмүүжил боловсролтой, бие даасан чадавхитай болгох боломж Монголын Засгийн газар, УИХ-д байгаа. Энийгээ л хийе. Энэ үеийнхэн, одоо дарга нар... одоо гарч ирж байгаа энэ залуус юугаа хийнэ вэ дураараа л болог. Хамаа алгаа. Их л бодож хэдэн уурхай ухна биз. Одоо миний хүс ч байгаа юм дараа үеэ зөв бэлдье гэсэн хүсэл. Бид боловсролдоо арван жил хүчтэй анхаарах юм бол арван жилийн дараа боловсрол авчихсан ард түмэн асуудлыг өөрсдөө асуудалгүй шийднэ ш дээ. Хэрвээ энэ их эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй баячуудыг нэг талд нь гаргаад нөгөө талд Монгол Улсаа тавьбал Монголын талд Монголын ард түмэн л үлдэнэ. Ард түмэн боловсролтой байх юм бол бүлэглэлүүдийг дийлнэ. Боловсролгүй байвал дандаа дарлуулна. Ийм дүр зураг одоо энэ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дүр төрхөөс уншигдаж байна ш дээ. Тэр энэ гэж хэлээд яах вэ. Цөөхөн байгаа. Гэхдээ л дандаа их мөнгөтэй, том группын эздийн үр сад ялалт байгуулахын төлөө явах нь гэсэн дүр зураг харагдаж байгаа нь нууц биш. Тийм учраас надад шаанс байгаад ахиад дөрвөн жил УИХ-д суувал боловсрол руу анхаарч тууштай тэмцэх ёстой юм байна гэж бодогдох болсон. Түүнээс биш өнөөдөр 50 хүрчихсэн хүмүүсийг өөрчилнө гэдэг худлаа юм байна. Зөндөө л оролдлоо. 50-60 хүрчихсэн хүнд үг хэлж, өөрчлөх гэж оролдох, тэднээр ажил хийлгэх гэдэг бол мөрөөдөл юм байна гэж өөрийнхөө үеийнхэнд хэлмээр байна даа...
З.Урсгал
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин