Х.Баттулга: Намайг МСS-тэй өрсөлдөгч болгож харуулаад байна
2012.05.11

Х.Баттулга: Намайг МСS-тэй өрсөлдөгч болгож харуулаад байна


АТГ албаны дарга ахлах комиссар Б.Батзориг, УИХ-ын гишүүн Х.Баттулга нартай ярилцлаа.

''Томоохон авлигын хэргүүд шийдэгдэж байгаа эсэх'' сэдвээр АТГ албаны дарга ахлах комиссар Б.Батзориг, УИХ-ын гишүүн Х.Баттулга нартай ярилцлаа. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь бичиг”-т “АВЛИГА” гэдэг ёсон бусаар шунаж авсан эд юм гэж бичсэн байна.

Харин Монгол Улсын авлигын эсрэг хуульд “Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” гэж тодорхойлжээ. Тэгвэл авлигыг хэрхэн бууруулах вэ? Эндээс яриагаа эхэлье.

Х.Баттулга: Авлига бол хүн бий болсон цагаас эхлээд, өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр хүндтэй хамт үүссэн асуудал. Мөн хамгийн том гэмт хэрэг гэж болно. Өнөөдөр тендер гээд яриад байна. Харин тендерийн санхүүжилтийг улсын төсвөөс хийдэг. Ард иргэдээс авч байгаа татвар улсын төсөвт ороод, эргэж гарахдаа тендерээс авлигын хэрэг болж гардаг. Энэ асуудлыг хэдхэн хүн ярилцаад шийдэхгүй. Мөн бүр мөсөн арилдаг асуудал биш байх. Corruption.com гээд дэлхийн хэмжээнд авлигатай холбоотой асуудлыг мэдээлдэг сүлжээ байдаг юм байна. Тэнд авлига бага орнуудыг жагсаахад Сингапур, Дани, Норвеги, Герман зэрэг хөгжсөн орнууд багтаж байгаа юм. Харин хөгжил муутай орнууд авлига ихтэй болж таарч байна. Харин манай улс тэр хөгжөөгүй орнуудад орж байгаа юм. Энэ тал дээр тодорхой судалгаа хийгддэг. Манай АТГ бол нилээд сайн ажиллаж байгаа.

-Өнөөдөр Монгол Улс авлигын хэмжээгээр аль түвшинд явж байна вэ.
 

Б.Батзориг: Авлигыг их бага гэж хэмждэггүй. Эрсдэлийг тодорхойлж, хөрс суурь байна уу гэдгээр нь дүгнэдэг. АТГ хуулиар үндсэн гурван төрлийн судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт авлигын индекс. Өөрөөр хэлбэл сайдуудын эрхлэх асуудлын хүрээнд авлигын индекс ямар байгааг судалдаг. Дараа нь улс төр хууль хяналтын хүрээнд авлигын түвшин ямар байна вэ, эцэст нь төрийн байгууллагад шударга байдлын түвшинд авлига ямар хор аюултай байдаг вэ гэдгийг судалдаг. Судалгаанаас үзэхэд улс төр, хууль хяналтын хүрээнд авлигын түвшин эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Олон Улсын хэмжээнд авлигын брометрын судалгаа хийдэг. Энэ судалгаагаар Монгол Улс 10-аас 2.7 гэсэн үнэлгээтэй байдаг. Үүнийг олон улсын түвшинд судлаачид “хяналтгүй төр” буюу “галзуурсан төр” гэдэг ангилалд оруулдаг. Авлигын индексийн судалгаанд 180-аад орон орсон байдаг. Гэхдээ байр эзлүүлэх нь өөрөө учир дутагдалтай. Байр эзлүүлэхээс илүү үнэлгээг чухалчилдаг. Энэ үнэлгээнээс харахад Монгол Улс эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байна.

- Гишүүн та, УИХ нэр бүхий гишүүдийг АТГ шалгуулахаар өгсөн. Энэ асуудал юу замхарч байгаа юм биш биз.
 

Х.Баттулга: Нилээд олон хэвлэл мэдээллийг хэрэгслийг байлцуулан МоАХ-ны нөхөдтэйгээ хамтраад хэдэн хүмүүсийг авлигын хэргээр шалгуулахаар АТГ өгсөн юм. Гэвч энэ ажлыг нийслэлийн прокурор дээрээс эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга гээд хааж байсан. Тиймээс дахин нийслэлийн прокурорт давж заалдсан. Засгийн газрын тогтоол, баримттай нь прокурорын газарт өгсөн. Хамгийн тод жишээ бол Зайсан дах МСS компанийн барьсан байшинд УИХ-ын гишүүд, сайд нарын ихэнх нь амьдардаг юм. Энэ нь авлигын асуудалтай байх магадлалтай учраас л шалгуулахаар өгсөн юм. Би өөрөө гүйцэтгэх ажил хийж болохгүй, тиймээс баримтуудыг цуглуулах ажлыг хийсэн. АТГ маш сайн ажилласан. Надад өгсөн бичиг дээр авлигатай байх нөхцөл бүрдсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй боллоо. Яагаад гэвэл нийслэлийн прокуророос татгалзлаа гэсэн хариуг өгсөн юм.

- АТГ үргэлжлүүлэн шалгах боломжийг нь НПГ-аас хаасан гэж ойлгож болох уу?
 

Х.Баттулга: Прокурорын байгууллагаас хаасан. Нэгэнт хаасан хэрэг дээр шалгалт мөрдлөг явуулах боломжгүй юм байна. Тэгж байтал Н.Энхбаярын хэрэг гараад ирсэн. Миний хувьд УИХ-ын чуулганаар ХЗДХ сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлын үеэр авлигын томоохон хэргийг баримттайгаар шалгуулж эхлэх үед Н.Энхбаярын хэргийг санаатайгаар гаргаж ирээд хаасан шүү гэдгийг хэлсэн. Яагаад дахин дахин яриад байна вэ гэвэл 200-гаад жил Монголчуудыг тэжээх Тавантолгой 6.5 тэрбум тн коксжсон нүүрсний ордыг үнэгүйдүүлсэн байдлаар гэрээ хийсэн хэдхэн хүн байгаа шүү гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ. Би үүнийг шалгуулах, илрүүлүүлэх гэж АТГ-д өгсөн. Үүнээс цааш миний эрх мэдэл хүрэхгүй юм.

Нийслэлийн прокуророос гарах хариуг хүлээгээд сууж байна.


Мөн үүн дээр нэг зүйлийг дурьдахад Германы Ерөнхийлөгч жирийн иргэн авдаг зээлээс арай илүү хөнгөлттэй үнээр байр худалдаж авсан байгаа юм. Гэтэл энэ нь илэрч огцорсон. Канцлер нь хамгаалах гэж оролдоод нэгэнт хэвлэл мэдээллээр цацагдаад эсэргүүцэлтэй тулгарсан учраас өөрөөсөө түлхсэн байгаа юм. Харин манай улсад ХЗДХ сайд нь нэг байранд сарын таван сая төгрөгний түрээс төлөөд гурван жил амьдарсан байгаа юм. Хэдэн төгрөг болох вэ, тооцоод үз дээ. Энд авлигын хэрэг харагдаад байгаа юм.

- АТГ-ыг Н.Энхбаярыг баривчлах үйл явцаас эхлэн ажиллаж эхэллээ, өмнө нь жижиг “жараахай” барьдаг байсан гэж харах хүмүүс олон байна. АТГ энэ олон жил юу хийсэн бэ?
 

Б.Батзориг: Авлигын хэрэг өөрөө зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөсөн, тусгай мэргэжлийн баг бүрдүүлж байж, хуулийн дагуу мэт харагдуулах гэж, шаардлагатай бол зарим хууль тогтоомжийг өөрчилж үйлддэг хэрэг. Онолын хувьд гэмт хэрэгтнүүдээс хамгийн ухаалаг нь. Энэ гэмт хэргийг илрүүлэхэд тодорхой цаг хугацаа шаарддаг. Хүмүүс одоо мэдэж эхэлнэ гэдэг чинь үйл ажиллагааны үр дүн харагдаж байна гэсэн үг юм. Дэлхийн 40-өөд оронд АТГ байгуулагдаад байна. Хонгконг, Сингапур зэрэг улсуудын жишээнээс харахад ажлаа бага хийж байна гэсэн шүүмжлэл ирж байсан гэнэ. Авлигын хэргээр хүмүүс гомдол гаргаад дараа нь хаагдчихлаа гэдэг. Гэвч манай байгууллагын хувьд тухайн хэрэг дээр мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж л байгаа.

Х.Баттулга: АТГ газар нь шинэ байгууллага. Дарга нар яагаад байгаа билээ. Энэ нь ажиллуулахгүй гэсэн сонирхол байгаа юм шиг. Мөн АТГ нь өөрөө УИХ-ын харьяанд байдаг. УИХ-аас АТГ-ын дарга, албан тушаалтнуудыг томилдог. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улсын тал хувь нь энэ авлига гэдэг хэргийн талаар сайн мэдээлэлтэй болсон байна. Хамгийн том авлигын сүлжээ Тавантолгойг тойрч байна. Мөн жижиг асуудлууд олон байгаа. Жишээ нь манай нэг хэвлэлд аймгийн Засаг дарга нарыг түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшиж байгаа мэтээр зурагнуудыг нь эгнүүлэн тавьсан байсан. Мэдээг нь уншихгүйгээр зургийг нь харах юм бол УИХ-д нэр дэвшиж байгаа Засаг дарга нар юм болов уу гэж харагдахаар. Энэ бол АТГ-ын хийсэн ажлын том амжилт. Эхний ээлжинд аймгийн Засаг дарга нарыг шалгаж байна. Цаашлаад нийслэл, УИХ, сайд нар руу орох байх гэж найдвар төрж байна.

- АТГ ажлаа хийх гэхээр эрх баригчдаас ямар нэгэн нөлөөлөл үзүүлдэг үү. Дарамт шахалт байна уу?
 

Б.Батзориг: Нотлогдсон зүйл алга.
Х.Баттулга: Мэдээж эд нар хэлж болохгүй л дээ. Гэхдээ байгаа ш дээ. Жишээ нь томоохон бүлэглэлийн хүмүүсийг 14 хонуулалгүй хөөцөлдөж байгаад гаргаад авсан. Харин энэ суугаад байгаа нөхдүүд чинь том бүлэглэлд хамаардаггүй хүмүүс юм шиг байгаа юм. АТГ-д ямар нэгэн дарамтууд байгаа. Үүнийг энд ярих нь зохисгүй байх.

- Н.Энхбаярыг АТГ-аас гэнэт баривчилсан явдлыг та улс төртэй холбож хардаг уу. Эсвэл үнэхээр АТГ-ын ажил ажил явагдаж байна гэж үзэх үү?
 

Х.Баттулга: МАХН гэж байгаад МАН нам болж нэрээ солиход МАН-ын хэдэн хүмүүс МАХН гэж товчилж бичиж болох бараг бүх нэрийг бүгдийг нь хувьдаа авч байсан талаар нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугисан даа. Харин МАХН гэдэг нэрийг Н.Энхбаяр сэргээгээд авчихлаа. Энэ нь МАН-ын саналыг МАХН хуваалцах гээд байна гэсэн үг шүү дээ. Энэ нь МАН-д сонгуульд ялагдах айдсыг бий болгоод байна. Хэрэв сонгуульд ялагдвал 22 жилийн түүхэнд идэж ууж байсан бүх зүйл нь илрэх гээд байгаа юм. Олон хүн “дээлээ нөмөрнө” гээд байгаа нь энэ. МАХН гэдэг чинь хуучин брэнд, удирдагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн. Тиймээс МАН-ын саналаас хуваалцах тодорхой болж байна. Яагаад гэвэл хуучин МАХН батламжтай байсан ахмадууд сүүлд МАН-д орсон ч гэсэн одоо сонгуулиар Н.Энхбаярын нам саналаа өгөх магадлал өндөр болжээ.

- Н.Энхбаярыг гадуур шалгаж болохгүй юу гэсэн асуулт байна. Эрүүгийн онц ноцтой хэрэг биш бол гадуур шалгахыг зөвшөөрдөг хуулийн заалт байдаг шүү дээ?
 

Б.Батзориг: Цугларсан баримт нь тухайн хүнийг хорьж шалгах шаардлагатай гээд байгаа юм. Бүх зүйл нотлох баримтанд үндэслэнэ.

- АТГ-т дээрээс улс төрийн зорилготой чиглэл өгөөд байгаа юм болов уу гэсэн хардлага иргэдэд төрөөд байна.
 

Б.Батзориг: АТГ хуулиараа хэн нэгнээс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага, манай байгууллагын дарга нар улс төрийн томилгоотой албан тушаалтнууд биш. Нам солигдох, улс төрийн хүчний байр суурь өөрчлөгдөх нь бидний үйл ажиллагаанд хамааралгүй .

- АТГ-ын даргыг хүртэл бариад хорьж байсан. Энэ нь улс төржөөд байгаа явдал биш үү?
 

Б.Батзориг: Нэг нам сонгуульд ялалт байгуулбал багаа бүрдүүлдэг. Тэр тохиолдолд зарим сайд, улс төрийн албан тушаалтнууд дагаад өөрчлөгддөг.Тэгвэл АТГ тийм биш. АТГ-ын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс аль нэг намын гишүүн биш хүмүүс байсан. Тэгээд ч бүх зүйл хуулийн дагуу явдаг. Тушаал өгөөд асуудалд хандаж болохгүй. Хуулинд юу гэж заасан байна тэр дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой.

Үгүй бол албандаа хайнга хандсан гээд асуудал үүсдэг.


Авлига нь өргөн хүрээтэй үзэгдэл. Эрх мэдэлтэн өөрийн давуу байдлыг ашиглан бусдад давуу байдал олгож байгаа. Эсвэл бусдаас давуу байдлыг олж авч байгаа тэр үйлдлүүдийн цогцыг авлига гэдэг үзэгдэл гэж байгаа юм. Тодорхой хууль ёсны ажлаа хийхгүй байх. Хийхийн тулд ямар нэгэн эд зүйл, үйлчилгээ, хөнгөлөлт, давуу байдал авч байгаа нь хээл хахууль өгөх авах үйлдэл болж байгаа юм. Түүхэнд яагаад хээл хахуультай холбоотой хэргийг хатуу чанга цээрлүүлдэг байсан бэ гэвэл улс орныг устгадаг арга бол авлига хээл хахууль байсан юм. Монголчууд хүртэл дэлхийг эзлэх дээ энэ аргыг хэрэглэж байсан гэдэг. Өөрсдөө энэ аргаар эзлэгдэж байсан.

Х.Баттулга: Үүнээс харахад хамгийн түрүүнд ноёдууд яваад өгч байна л даа. Одоо манай орон яг энэ үзэгдэл ажиглагдаад байгаа юм. Нүүрсийг хямд авах гэсэн улс орон их байна. Энэ эрх мэдэл хэнд байна вэ. Тэр эрх мэдэлтэй хүмүүс энэ асуудалд гүйгээд орчихоор шийдвэр гаргахад хялбар болдог. Уг нь би бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан гэвч сайн яригдахгүй байна. Энэ л миний яриад байгаа дөрөв дэх засаглал маань худалдагдлаа гээд байгаа шүү дээ. Авлигатай холбоотой нэг зургийг надад манай найз өгсөн юм. Энэ зураг дээрх үйл явдал эрх мэдэлтнүүдийг авлигааас хол байлгахтай холбоотой санааг агуулсан байдаг.

- Манай авлигын хуулинд өгсөн, авсан хоёуланг нь шийтгэдэг. Миний бодлоор авахыг хүсэхгүй бол хүн өгөх гээд байхгүй болов уу?
 

Б.Батзориг: 1924 анхны Эрүүгийн хууль батлагдаж байжээ. Үүнд хээл хахууль өгсөн хүн хэргээ сайн дураараа хүлээвэл хэргээс чөлөөлдөг байсан бол 2002 онд Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр энэ заалтыг бүр мөсөн авч хаясан. Тиймээс би шоронд оръё гээд өөрөө ирэх хүн байх уу. Дээрээс нь 2002 он хүртэл албан тушаалын гэмт хэрэг ямар нэг хор уршиг учруулсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг байсан. Гэтэл 2002 оноос хохирлын хэмжээ заагаад өгсөн.
Х.Баттулга: Хор хохирлыг заагаад өгчихөөр тодорхойлогддоггүй. Жишээ нь Ц.Нямдорж тэр байранд суугаад хэн хохироод байгаа юм бэ гэдэг асуудал гаргаж ирээд хэргийг хаагаад байгаа юм. 2002 онд тэр заалтыг тодорхой зорилгоор л авч хаясан байж тараад байна. Мөн том Тавантолгой 2.5 сая хүний эрх ашгийг ярих гэхээр хохирч байгаа юм эзэн байхгүй байна гээд хэлэлцэхгүй байгаа юм.

үтээн байгуулалтын ажил авлигаас болоод зогсоод байна гэж та ярьж байсан. Энэ ямар учиртай вэ?
 

Х.Баттулга: Хөгжлийн программыг УИХ-аас батлаад явуулахгүй байна гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Нөгөө талаас гадныхантай нийлсэн сонирхол байгаад байна. Хамтарсан ЗГ-т ороод 3 жил 4 сар ажиллалаа. Энэ хугацаанд тэр хөгжлийн программ гэдэг зүйлийг батлуулсан. УИХ-аас батална гэдэг чинь хууль. Харин хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь гэмт хэрэг. Үүний цаана нэг л зүйл байна. Даанч хохирол байхгүй, нэхэмжлэгч байхгүй гэсэн хариулт гарч ирээд байгаа юм даа.

- Та Засгийн газрын гишүүн байхдаа хэлж ярьж болоогүй юм уу?
 

Х.Баттулга: Зөндөө ярьсан. Болохгүй бол гарлаа шүү гэж хүртэл ярьдаг байсан. Гэсэн ч урагшаа явж байгаа зүйл алга. Өөрсдөө хөгжлийн программ гэж зүйл санаачлахгүй юм. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн программ ярьдаг нам биш байлаа. Мянганы зам л яригдсан. Бусад үед Эрдэнэтийг хусна. Эрдэнэт рүү бараа нийлүүлж хусна. Тийм л зүйлийг ярьж боддог байсан. Харин хөгжлийн программ ороод ирэхээр дуртай, дургүй баталсан болсон. Ихэнх нь мэдээгүй дээ. ЗГ-ын сайд нараас хөгжлийн программыг асуувал мэдэхгүй байх. Ерөнхий сайд ч мэдэхгүй. Тэр зургаан хувийн хүүтэй орон сууцны талаар юу ярьж байгааг нь сонссон уу. Зуун мянган айлын орон сууцны гучаад мянган айлын орон сууц баригдаад, тэр дотроо төрийн албан хаагчийн дөрвөн мянган айлын орон сууц орчихоод байхад Ерөнхий сайд нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” эхэллээ гээд тууз хайчлаад зогсож байх юм. Мөн төмөр зам тавигдаад үйл ажиллагаа нь эхэлчихээд байхад төмөр замын шавыг тавина гээд байх жишээтэй.

- Н.Энхбаяртай холбоотой хэрэг араасаа олон томчуудыг дагуулах байх гэсэн итгэл иргэдэд төрж байна. Харин АТГ ингээд ганц хүний шалгаад байгаад байх уу?
 

Б.Батзориг: Ганц хүний асуудал хэвлэлээр цацагдаж байгаа учраас хүмүүс тэгж ойлгоно. Түүнээс бол АТГ хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа шалгах ёстой хүмүүсээ шалгаж байна. Шинэ хуулиар төрийн албан хаагч бэлэг авахыг хориглосон. Энэ нь 5 сарын 1-ээс мөрдөгдөж эхэллээ. Авлигатай тэмцэх хамгийн том арга бол хөрөнгө орлогын ил тод байдал байдаг. Мөн уг хөрсийг цэвэрлэх соён гэгээрүүлэх явдал мөн.

Авлигатай тэмцэхэд олон улсын байгууллагуудаас хэд хэдэн зүйлийг шаардаад байгаа юм. Энэ нь төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөт байдал, улс төрчдийн хүсэл эрмэлзлэл гэсэн заалтууд байна. Энэ гурван зүйлийг бүрдүүлж өгвөл авлигатай тэмцэх хөрс суурь бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Сая сонирхлын зөрчлийг зохицуулах хууль батлагдчихлаа. Энэ бол маш том ололт. АТГ-ын шатахуун гэсэн үг.

- УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн өгч байна уу. Худал гаргаж өгсөн бол ямар шийтгэл хүлээдэг вэ?
 

Б.Батзориг: Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Ер нь Авлигын эсрэг хуульд санаатай худал мэдүүлэг өгсөн бол албан тушаалаас халах хүртэл арга хэмжээ авна. Хэрэв их хэмжээний хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

- Х.Баттулга гишүүнд хандаж иргэдээс асуулт ирсэн байна. Таныг бизнесийн өрсөлдөгч МСS рүү их дайрах юмаа. Өрсөлдөгч гэдгээр дайраад байна уу. Эсвэл үнэхээр асуудал болохгүй байгаа юм уу гэжээ.
 

Х.Баттулга: МСS-тэй өрсөлдөгч болгож харуулаад байна. Эсвэл Ц.Нямдоржтой муудалцаж байна гэж харуулдаг. Би энд системийг шүүмжлээд байна шүү дээ. Манай компани МСS-тэй адил үйл ажиллагаа явуулдаггүй. Хүмүүсийн хувьд ХК-ийн талаарх ойлголт их сул байдаг юм шиг санагддаг. Бүх асуудал Хувьцаат компанийн үйл ажиллагааны зарчмаар явагддаг. Би өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй, ХК-ийн жишгээр оролцох ч шаардлага байдаггүй. Миний хувьд 2006 оноос хойш нэг зүйлийг ярьж байгаа. Тавантолгойн орд чинь 1970 оноос хойш орд ашигт малтмал нь тодорхойлогдсон. Гэвч МCS хууль бус аргаар өөрийн мэдэлд авчлаа гэдгийг л яриад байгаа юм.

- АТГ МАН болон МАХН-ыг л шалгаад байна гэсэн хардлага бас байна.
 

Б.Батзориг: АТГ-аас ямар нэг нам үзэл бодолтой холбоотой шалгалт явуулдаггүй. Тийм судалгаа ч явуулдаггүй. АТГ-ын хувьд аль намын хэн шалгагдах нь хамаагүй.

- АТГ-т ямар эрх өгвөл авилгын асуудлыг багасгах, бууруулах боломж байна вэ?
 

Б.Батзориг: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь ганцхан АТГ-ын үйл ажиллагаа биш тиймээс нэн түрүүнд авлигатай тэмцэх төрийн бодлого гаргах хэрэгтэй байна. Мөн авлигатай тэмцэх стратеги боловсруулж өгөх хэрэгтэй байна. Нийгмээрээ авлигын хор, учир холбогдлыг ойлгож, АТГ-тай хамтарч ажиллах нь түүнийг бууруулах гол боломж.

Х.Баттулга: 2000 оноос хойш төрөөс зарлагдсан нийт 2334 тендерийн 1882-г нь MCS гэдэг компани ямар нэгэн аргаар авсан байдаг. Иймээс авлигын асуудлыг ярихаар яах аргагүй энэ компани холбогдоод байдаг юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.