Ж.Энхбаяр: Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дордуулж болохгүй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д гэснийг 5 жилийн цалин хөлсний нийлбэрийн 60-д гэж, 7 жил гэсний 5 хүртэлх жил гэж өөрчлөхөөр хуулийн төслийг өргөн барьсан юм.
Төслийг хэлэлцэх үеэр Хууль санаачлагч Ж.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.
Манай цэргийн албан хаагчдын нэр хүнд өндөр байгаа. Дотооддоо төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэж байгаа. Дотооддоо цэргийн албанд итгэх нийгмийн итгэл дэмжлэг, энэ албанд элсэх залуучуудын сонирхол өндөр болсон. Энэ салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавх эрс нэмэгдсэн. Энэ яг цаг үед олон улсын дэмжлэг энэ салбараар орж ирж байна. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ албандаа итгэх итгэл урам зоригийг унагаж болохгүй.
Энэ салбар бол төрийн гол тулгуур болдог. Иймд эдгээр байгууллагуудын нийгмийн асуудлыг хөндөж болохгүй харин ч илүү хамгамжийг нэмэх хэрэгтэй. Тиймээс бид энэ хуулийн төслийг оруулж ирж байна. Үнэхээр онцгой, өөр алба гэдгийг олон түмэн, УИХ ойлгоосой гэж хүсэж байна.