УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.11

Ё.Баатарбилэг: Онцгой байдал, цагдаагийн албан хаагчдын цалин хамгамж нь төрийн тусгай албатай харьцуулахад ямар түвшинд байдаг вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Хэд хэдэн асуулт байна.

Нэгд, Төсвийн задаргаан дээр жилд 11 сая 782 мянга, сард 801 гэсэн тоо тавьснаа тайлбарлаад өгөөч? Төсөвт ямар хүндрэл учрах вэ?

Хоёрт, Хугацааны хувьд хэзээнээс хэрэгжинэ гэж тооцсон бэ?

Гуравт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж, цалин, төрөөс олгодог бусад урамшуулал, онцгой нөхцлийн нэмэгдэл зэрэг нь Онцгой байдал, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын цалин хангамж нь бусад төрийн тусгай албан хаагчидтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?  

Дөрөвт, “Цэрэг” гэдэг агуулгаараа хилийн цэрэг уг хуульд хамаарах уу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

Жилд 260,2 сая төгрөгийн нэмэлт зардал гарахаар байна. Сард 20 гаруй сая төгрөг гэсэн үг. Батлагдсан өдрөөсөө буюу 2017 оны төсвийн тухай хуультай нийцүүлэн нэмэлт зардал гарахгүй.

1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яам, Сангийн яамны хамтарсан цэргийн нэмэгдэл, зэрэглэл тогтоох тухай тушаал гарсан байдаг. Уг тушаалыг Хилийн тухай шинэчилсэн хууль батлагдсантай холбогдуулан хүчингүй болгосон.

“Цэрэг” гэсэн ойлголтод хилийн цэрэг хамаарч, хилийн цэргийн нийгмийн халамж, хамгааллын асуудал шинэчилсэн хуулиар зохицуулагдах боломж бүрдэж байна.

Миний мэдэж байгаагаар, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид тусгай үүргийн гүйцэтгэх ажлын 20 хувь, цолны нэмэгдэл гэж авдаг.   

Бригадын генерал Г.Сайханбаяр:

Цэргийн албаны тухай хуулиудыг шинэчлэн батлагдсантай холбогдуулан цэрэг, тусгай албан хаагчдын цалин хангамж адил байдаг. Хилийн цэрэг бол зэвсэгт хүчний үндсэн бүрэлдэхүүнд ордог учраас цэргийн албан хаагчидтай ямар ч ялгаа байхгүй.

Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуулын байгууллагууд өөрсдийн гэсэн онцлогтой. Тухайлбал, нууцын нэмэгдэл, тусгай ажиллагааны нэмэгдэл зэрэг нэмэгдлүүд бий.

Онцгой байдал, зэвсэгт хүчин, батлан хамгаалах байгууллагууд төрийн цэргийн албан хаагчдынхаа хүрээнд цалин, цолны цалин, нэмэгдлүүд адилхан байдаг.

Хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөнө гэж хуулийн төсөлд тусгасан. Ер нь Нийгмийн даатгал дээр 4 асуудал шийдлээ хүлээж байна.