2018.10.11
О.Содбилэг: Монголын төр сонголтгүй, тушаалаар ажилладаг хүмүүсээ хохироох ёсгүй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Цэргийн албан хаагчдын эрхийг маш ихээр зөрчиж байгаа хуулийг өнгөрсөн жил батлуулсанаас үүдэн 2019 оны 1-р сарын 1-ээс өмнө олон алба хаагчид өргөдлөө өгөөд байгаа тухай УИХ-ын гишүүн О.Содбилэг хэллээ. Тэрээр Хууль санаачлагчдаас дараах асуултыг асуулаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
Хуулийн төслийн агуулгыг дэмжиж байна. Цэргийн албанд сонголтгүй тушаалаар ажилладаг хүмүүсээ хохироохгүйгээр 2019 оны төсөв хэлэлцэх үед оруулж ирнэ гэж жилийн өмнө ярьж байсан. Асуудлыг заавал хуулийн төсөл байдлаар оруулж ирэх шаардлага байсан юм уу? Засгийн газар өнгөрсөн жил энэ тухайгаа амалсан ч биелүүлэхгүй байсаар эцэстээ гишүүд ийнхүү хуулийн төсөл оруулж ирж байна.
Энэ 12 сарын 31-ээс өмнө өргөдөлөө өгөөд албанаасаа гарах хүн олон байгаа тухай мэдээлэл байна. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь тэтгэвэрээ өндөр тогтоолгох сонирхол байна ш дээ. Харин одоогийнхоороо явбал удаан жил, цолны нэмэгдэл энэ тэрээ тооцуулахгүй хохирох нөхцөл үүснэ.
УИХ-ын гишүүн О.Содбилэгийн асуултанд хуулийн төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт дараах хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн С.Баямбацогт:
2018.02.02-д батлагдсан хуулиар цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг 5 жилийн дунджаас тооцдог байсныг 7 жилийн дунджаас тооцох болсон. Үүнд тангараг өргөдөг төрийн тусгай албан хаагчид бүгд хамаарч байгаа.
Тэдний тэтгэвэр сард авах мөнгө нь 30-70 мянган төгрөгөөр буурахаар байгаа юм. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Энэ хуулийг хэрэгжиж эхэлхээс өмнө цэргийн албан хаагчид тэтгэвэртээ гарахгүй бол түүнээс хойш тэтгэвэрт гарвал авах тэтгэвэр буурна. Тэтгэмж буюу 36 сарын тэтгэмж буурна гэсэн эмээлт үүсэн оноос өмнө тэтгэвэрт гарах хүсэлтэй хүмүүсийн тоо өнгөрсөн оноос 3-5 дахин нэмэгдээд байгаа юм.
Тиймээс Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирсэн.
Мөн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төсөл санаачлах болсоноо ийнхүү тайлбарласан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Тиймээс эдийн засаг өсөх эхний шинж тэмдэг мэдэгдэх үед Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно гэж жилийн өмнө амлалт өгч байж УИХ-аар батлуулсан.
Нийгэм, эдийн засгийн амаргүй энэ үед бид явж байна. энэ үед төрийн тулгуур болсон эдгээр байгууллагуудын өндөр боловсролтой дадлага туршлагатай офицерууд албанаасаа халагдах өргөдөл өгч байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлт ноцтой, хортой нөлөө үзүүлсэн нь харагдаж байна.
Мөн энэ албанд байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал маш хүчтэй дордож байна. Эмэгтэй хүн цэргийн албанд байхдаа дараалан 7 жил ажиллах боломж алга. Үр хүүхэд төрүүлж өсгөж байгаа учраас эмэгтэй хүн байх эхийг нь хязгаарлаж байгаагын илрэл болж байна.