Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм.
Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана.
Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан.