С.Чинзориг: Энгийн хүний ажилласан 20 жил, цэргийн албанд ажилласан 10 жилтэй тэнцэнэ гэдэг бол шударга ёсонд нийцэхгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар /2017.01.12/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг зарчмын зөрүүтэй гурван санал дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ уг хуулийн төсөлд дутуу дулимаг, зарчмын зөрүүтэй гурван асуудал байна гэж харлаа.
Нэгд, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс бодно гэхээр аав, ээжийнх нь хэн хэн цэргийн албан хаагч байсан тохиолдолд хүүхдүүдэд тэтгэмж авах эрх үүсч байна.
Гэтэл амьдрал дээр нэг нь цэргийн албан хаагч, нөгөө нь энгийн ажилтан байж байгаад хоёул нас барсан тохиолдолд тэтгэмж авах боломжгүй байдаг. Тиймээс хөдөлмөрийн чадваргүй үлдэж буй хүүхдүүдэд аав, ээж нь хоёулаа цэргийн албан хаагч байх шаардлагагүй, нэг нь цэргийн албан хаагч буюу гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний нэг тэжээгч нь гэж оруулж өгөх нь зүйтэй болов уу. Ингэвэл хуулийн төслийн хамрах хүрээ илүү өргөжих юм.
Хоёрт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар бүрэн тэтгэврийг дөрвөн шаардлага хангасан хүн авах эрхтэй, хувь тэнцүүлсэн тэтгэврийг гурван шаардлага хангасан иргэн авах эрхтэй байна. Уг хуулийн төслөөр энгийн албанд ажиллаж байсан жилүүдийг цэргийн албанд ажиллаж байснаар тооцох тухай асуудал ярьж байна.
Гэтэл дээрх 3, 4 шаардлагыг хангаагүй буюу цэргийн албанд 10-20 хүртэл жил ажиллаагүй хүн олон бий. Тиймээс эдгээр хүн уг хуулийн төсөлд хамрагдахгүй болчихоод байна. Тиймээс цэргийн албанд ажиллаж байсан, ажиллаж байгаа боловч ажилласан жил нь 10-20 жил хүрээгүй хүмүүсийг ч уг хуулийн төслийн үйлчлэлд хамруулахгүй талын зохицуулалт хийж өгөх нь зүйтэй болов уу.
Гуравт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэрт гарч буй албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь энгийнээр тэтгэвэрт гарч буй бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү байна гэдэг нь зарчмын хувьд болохгүй.
Яагаад энгийн албанд 20-иос доошгүй хугацаанд ажилласан хүнтэй цэргийн албанд 10-аас доошгүй жил ажилласан хүнтэй адилхан байх ёстой гэж? Би цэргийнхнийгээ дэмждэг. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ юм болгонд цэргийнхэн тушаалаар ажилладаг гэж туйлширч болохгүй.
Яаж ч бодсон энгийн хүний ажилласан 20 жил, цэргийн албанд ажилласан 10 жил хоёр хоорондоо тэнцэнэ гэдэг бол шударга ёсонд нийцэхгүй шүү дээ."