2018.05.24
Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Өнөөдөр /2018.05.24/ Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашигладаггүй хөрөнгийг хэрэгцээ, шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалтыг Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор Төрийн өмчөөс орон нутагт шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах, Ховд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзжээ.
Хуулийн төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийлээ.