УИХ-ын гишүүд жижиг өмчийг бие даан шийдэх эрхийг орон нутагт нь өгөх хэрэгтэй гэв
2018.05.24

УИХ-ын гишүүд жижиг өмчийг бие даан шийдэх эрхийг орон нутагт нь өгөх хэрэгтэй гэв

Өнөөдөр /2018.05.24/ Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашигладаггүй хөрөнгийг хэрэгцээ, шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалтыг Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор Төрийн өмчөөс орон нутагт шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах, Ховд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзжээ.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ. 

УИХ-н гишүүн Ж.Мөнхбат

Өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол 10 гаруй жил унаад, муудчихсан машиныг заавал УИХ-аар хэлэлцэж байж орон нутаг руу шилжүүлж байна. Ийм жижиг сажиг энэ мэт зүйлсийг зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Үүнийг цаашид анхаармаар юм байна лээ. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын тогтоолоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлээд, урсгал зардлыг нь аймаг, нийслэлийн төсөвт багтаахыг үүрэг болгож байна. Гэтэл орон нутаг аль хэдийн төсвөө батлаад, бүгд төсөвлөгдчихсөн байгаа. Тиймээс энэ тогтоолоор төсвийг нь давхар шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?

Ж.Мөнхбат гишүүний саналтай санал нэг байна. УИХ том том обьектууд дээр шийдвэрээ гаргадаг, машин, ширээ сандал зэрэг жижиг сажиг зүйлсийг орон нутаг нь шийдвэр гаргах эрхийг нь өгөх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Төрийн өмчөөс, орон нутгийн өмч рүү шилжүүлэх хуулиар шийдэгддэг. Гэхдээ гишүүдийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Үүнтэй холбоотой төсвийн урсгал зардалд өөрчлөлт ордог. Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий.