УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Зарим нэгэн улсын онц чухал обьектуудыг хувьчлах асуудлыг эргэж харах ёстой. Орон нутгийн өмчид шилжүүлэхийг эргэж харах шаардлагатай. Харилцаа холбооны зарим нэг нийгэмд үйлчилгээ үзүүлдэг, тусгай зөвшөөрөл олгодог хэсэг салбар нэгжүүдийг хувьчлах асуудал буруу байгаа нь харагддаг. MN өргөдөлтэй сайт, фм, радиогийн төслүүдийг өгчихсөн. Энийг нэг хүн хуваарилдаг. Үүнээс болоод аюулгүй байдал, мэдээллийн тархацын асуудал, дуртай хүн нь авдаг, түүгээр дамжуулан тархи угаалтын мэдээлэл тархдаг нөхцөл байдал бий.
Цэвэрлэх байгууламж, ариутга татах усан хангамж, ариутгах татуургын байгууламжуудыг шилжүүлж, хувьчлах нь мөн асуудалтай байна. Жишээлбэл “Харгиа” цэвэрлэх байгууламж төв цэвэрлэх байгууламж руу химийн хортой бодис оруулж байна. Үүнээс болж ашигтай бактери устаж, цэвэрлэх байгууламж хэвийн ажиллах боломж бүрдэхгүй байна гэх зэрэг асуудлууд гарч байгаа юм.
Дулаан халаалт, эрчим хүчний хангамжтай холбоотой ДЦС-ийн асуудлыг анхаарахгүй бол Говь-Алтай аймаг хамгийн өндөр үнэтэй дулаан халаалт, цахилгаан хэрэглэж буй. Гэтэл өвөл болохоор халаалтаа хаадаг. Эрчим хүчний яам уг асуудлын хойноос хөөцөлддөг. Эрхийг нь цуцалж болдоггүй асуудал үүсдэг.
Мөн тусгай хамгаалалттай газар нутаг дээр байгаа рашаан сувилал буюу байгалийн цогцолборт газарт төрөөс өмнө хийсэн өмчийг орон нутагт шилжүүлэхээр иргэдийн хурлаар оруулаад хувьчилж байна гээд газартай нь зарчихдаг асуудал аудитын дүгнэлтээр гарсан. Тэгэхээр чухал обьектуудыг хамаагүй хувьчлах, шилжүүлэхээ эргэж харж, улсын онц чухал обьектуудын жагсаалтаа эргэж харах шаардлага байна шүү.