2023.04.20
Алслагдсан сумдын төрийн үйлчилгээнд автомашин дутагдалтай байна
УИХ-ын /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам тогтоолын төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хороо тус тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, Д.Батлут, Н.Ганибал, Х.Ганхуяг, Б.Энхбаяр нар гишүүнээр ажиллалаа. Энэ удаагийн тогтоолын төсөлд дараах үндэслэл, шалтгаанаар хөрөнгө нэмж тусгах шаардлага гарсан:
- Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр авто тээврийн хэрэгсэл худалдан авахыг хязгаарласнаас үүдэлтэй алслагдсан сумдын төрийн үйлчилгээнд автомашин дутагдалтай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинаас шилжүүлэн авах хүсэлтийг төрийн байгууллагууд удаа дараа гаргаж байгаа бөгөөд энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор алслагдмал сумдын Эрүүл мэндийн байгууллагад автомашин шилжүүлэхээр нэмж тусгах ;
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний 21 аймаг дахь газруудыг татан буулгасан тул тухайн хөрөнгийг орон нутагт нь ялангуяа автомашин шаардлагатай байгаа байгууллагад нь шилжүүлэх зарчим барьсан. Иймд автомашиныг тухайн байгууллагуудад урьдчилан үзүүлж, чанар байдлыг шалгах, хэрэгцээнд нь нийцэж байгаа эсэхийг нягтлахад тодорхой хугацаа зарцуулсан. Ингээд хүлээн авах боломжтой гэж үзсэн хөрөнгийг гэрээгээр ашиглуулж байна. Ашиглалтын гэрээгээр орон нутгийн өмчит байгууллагад ашиглуулж байгаа эдгээр автомашиныг тогтоолын төсөлд нэмж тусган, орон нутгийн өмчид шилжүүлэх шаардлага үүссэн байна. Дээрх хүрээнд ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 39 санал, найруулгын 2 санал гаргасан. Эдгээр зарчмын зөрүүтэй саналаас 30 санал нь автомашиныг тогтоолын төслийн хавсралтад шинээр нэмж тусгах агуулга бүхий саналууд байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn