Ж.Ганбаатар: Өнөөдрийн хүрсэн амжилтанд битгий ханаарай
Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.
Ж.ГАНБААТАР: АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮНД ТӨРИЙН ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ
Мөнгөний бодлогын хувьд ирэх 2018 онд бизнес эрхлэх сонирхлыг дээшлүүлэх, татвар төлөгчдийн бааз суурийг хэрхэн дээшлүүлэх, мөнгөний бодлогыг хумих эсвэл нэмэгдүүлэх эсэхийг ярих ёстой бичиг баримт гэж би ойлгож байна. Түүнээс биш тунхгийн шинж чанартай зүйл байж болохгүй.
Арилжааны банкнаас авч байгаа иргэд болон ЖДБ эрхлэгч нарын зээлийн хүүнд асуудал байна. Сүүлийн үеийн тайлбарыг сонсохоор зах зээл өөрөө зохицуулна гэж байна. Бусад бүх асуудалд төрийн бодлого явах ёстой гэж ярьдаг. Гэвч арилжааны банкны зээлийн хүүг л ганцхан зах зээл өөрөө зохицуулна гэж ярьж болох уу? Төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх ёстой гэж би бодож байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Дайн байлдаан болж байгаа улсын зээлийн хүүтэй адилхан байна.
Энэ зээлийн хүүг давж бизнес эрхлэх боломжгүй байна гэдгийг хүн болгон ярьж байна.
Валютын ханшийн хувьд Монголбанкны ерөнхийлөгч хэлэхдээ өмнөх жилээс сайжирсан, тогтворжсон гэж ярьж байгаа. Гэхдээ үүнд сэтгэл ханалгүй, долларын ханшийг цаашид ч буулгах тал дээр анхаарал тавих хэрэгтэй. Эдийн засгийн байдлын сэргэлтийг харахад долларын ханшийг үргэлжлүүлэн буулгах боломжтой гэж харж байна. Энэ тал дээр тодорхой хариулт хэлнэ үү.
Д.ДАМБА-ОЧИР: ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭС ИЛҮҮ ХАДГАЛМЖИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын валютын нөөц 2.2 тэрбум болсон. 2018 оны төгсгөл гэхэд 3 тэрбум болох байх. ОУВС-гаас оруулж ирэх 576 сая доллар бас нэмэгдэж орж ирэх ёстой. Тиймээс 2018 онд валютын ханш өсөх асуудал яригдахгүй гэж ойлгож байгаа. Хэт их буулгах нь зохимжгүй. Тогтвортой байлгах нь л зүйтэй.
Монголбанкны 2017 онд хэрэгжүүлж байгаа бодлогууд үр дүнд хүрч байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхэлж байгаа хүмүүст валютын ханшны дарамт орж ирэхгүй.
Зээлийн хүүг буулгая гэдэг асуудал яригдаж байгаа. Зарим гишүүдийн санаачилж, оруулж ирсэн хуулийг Эдийн засгийн байнгын хороо удахгүй хэлэлцэж эхэлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг буулгахаас илүү хадгаламжийн хүүг хязгаарлахгүй бол болохгүй байна. Банкнууд хоорондоо өрсөлдөөд, хадгаламж татах үүднээс сүүлийн үед 20 хувь хүртэл амладаг болж эхэлж байна. Энэ нь зах зээлийн өрсөлдөөн гэхээсээ илүү замбараагүй байдалд орж эхэлж байна. Тиймээс хадгаламжийн хүүг буулгах асуудлыг ярих нь зөв. Харин зээлийн хүүг буулгах тал дээр Монголбанк ажиллаж байгаа. Энэ талаар хэд хэдэн хууль санаачилж байгаа.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА
Бид өндөр зээлийн хүүтэй олон жил явлаа. Тиймээс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнесийг дэмжих, эрхэлж байгаа бизнестээ бизнес эрхлэгч нар нь итгэлтэй байх үүднээс зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанк барьж байна. Энэ санаачилгыг анх арилжааны банкуудаас оруулж ирсэн. Энэ саналыг дэмжээд томоохон ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг 2018 онд авч хэрэгжүүлнэ гэж үзэж байна. 2017 он Монголын эдийн засгийн хувьд амаргүй жил боллоо. 2018 бол эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн жил болно гэж харж байгаа. Түүнд чиглэсэн бодлогын баримт бичиг батлагдаж байна. Бид үүнийг тунхаг гэж үзэхгүй, үйл ажиллагааны хөтөлбөр гэж харж байна.
Валютын ханшийн тухайд өнгөрсөн нэг жилийн өмнө би энэ зааланд Монгол Улсын валютын нөөц -400 сая доллар байна гэж хэлээд загнуулаад сууж байсан. Харин өнөөдөр +500 сая доллар боллоо. Ийм ахиц өөрчлөлт эдийн засгийн амьдралд гарч ирлээ.
Цаашид валютын ханшийг хэт өсгөхгүй, тогтвортой байлгах, боломжтой бол зохих хэмжээгээр буулгах нөхцөл байдал эдийн засагт бүрэлдээд байна.
Ж.ГАНБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛООД УИХ-ЫН ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН БҮХ ҮР ДҮН ХАНШНААС ШАЛТГААЛНА
Бизнес эрхлэгч нар ажлаа төлөвлөхдөө 3-5 жилээр төлөвлөж байгаа. Сүүлийн үед 2450 болсон долларын ханшийг хэн ч тооцоогүй. 1600 байсан л ханш. Савласан ханшаа буулгаач ээ л гэсэн байр суурьтай байна. Өмнө нь байсан ханш руугаа орохыг л хэлж байна. Түүнээс биш хэт савлах нь төрд ашиггүй гээд яриад сууж байгаа нь зохимжтой биш.
Засгийн газрын болоод УИХ-ын хийж байгаа ажлын бүх үр дүн ханшнаас шалтгаална. Хоосон ажил хийхгүйн тулд ханшаа хуучин ханшинд буулгах талаар идэвхтэй ажиллаарай.