Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ
2017.10.26

Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2017.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ТӨСӨВ, МӨНГӨНИЙ АСУУДАЛД ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДЪЯ

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан мөнгөний бодлого явах ёстой. Манай валютын ханшны бодлогын онцлог нь уян хатан зохицуулалттай. Эзэн байхгүй.

Уг нь бол импортын хэрэглээ өндөртэй орон бол валютын ханш нь тогтвортой, чанга байх бодлого барих ёстой. Гэвч тийм хариуцлага манайд үйлчилдэггүй. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төвбанкны ерөнхийлөгч байсан хүн 1450 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханшийг 2450 болгосон. 70 хувиар унагасан. Импорны барааны бүх өртөг 70 хувиар өссөн. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Бусад оронд УИХ-д нь тусгай бүтэц байдаг. Парламент хөгжсөн улс оронд парламентын дэргэд байгаа тусгай институц нь үнэн зөв мэдээллийг өгдөг. Түүнээс биш хэдэн гишүүн суугаад, таамгаараа ярьдаггүй.

Манай их хурал бол хүнээр зүйрлэвэл дээлгүй, хувцасгүй шалдан хүн. Бидэнд шинжлэх ухаанч хандлага байхгүй байна.

Би төсвийн шинжилгээний албаны хууль оруулсан. Үүнийг хийхгүйгээр ямар ч олигтой үр дүн гарахгүй. Бидэнд эрдэмтэн судлаачдын туслах баг хэрэгтэй. Тэгж байж мөнгөний болон төсвийн бодлого сайжирна.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ХЭТ ӨНДӨР БАЙДГААС БОЛЖ БАЯН ХООСНЫ ЯЛГАА ИХСЭЖ БАЙНА

Монголын нийгмийн баялаг цөөхөн хэдэн гэр бүлийн мэдэлд байгаа. Нийт баялагийн 95 хувь нь хүн амын 3-5 хувьд байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн барих гэж байгаа хууль батлагдвал тодорхой хэмжээгээр хадгаламжийн хүүг зохицуулах боломжтой болно гэж ойлгож байна.

Судалгаанаас үзэхэд манай улс хадгаламжийн хүү өндөртэй орнуудын дунд ордог. Иймээс баян хоосны ялгаа хоёр туйл руугаа хэт хэлбийж байна. Эд баялаг ихтэй хүмүүс ганц өөрийнхөө нэр дээр биш гэр бүлийн хүмүүсийнхээ нэр дээр их хэмжээний мөнгөн хадгаламжтай. Энэ их мөнгөтэй хадгаламжнаасаа хүү аваад, мөнгө хүүлээд амьдарч байна.

Хортой үр дагавар нь арилжааны банкнуудаас авах зээлийн хүүг бууруулах бодлогод том саад болж байна. Энэ тал дээр шуурхай арга хэмжээ авах нь зөв.

Ж.ЭНХБАЯР: ОЛСОН ЭХ ҮҮСВЭРЭЭ ЗЭЭЛИЙН ХҮҮНД ӨГСӨӨР БАЙГААД ДУУСГАХ ЕРӨНХИЙ ДҮР ЗУРАГ ТОДОРХОЙ БОЛЖ ЭХЭЛЖ БАЙНА

Молон улсын санхүүгийн эдийн засгийн байдал амаргүй үеийг туулж байгаа. Сая Засгийн газар бонд гаргаж 740 орчим сая төгрөгийн эх үүсвэр бий болгосон. Энэ мөнгөөр он гараад төлөх 650 сая долларын тулсан өрийг төлөөд цаана нь 140 сая долларын шинэ эх үүсвэр бий болно.

Энэ мөнгө дотоодын зах зээлээс бараг 5 их наяд орчим төгрөг татсан байна. Жилдээ 600 гаруй тэрбум төгрөгний хүү төлж байгаа.

2020 он гэхэд Монгол Улсын Засгийн газрын өр өнөөгийн байгаа түвшнээсээ  нилээн нэмэгдэхээр зураг харагдаж байна. 2017 онд төсвийн алдагдал 2,7 их наяд гарч байна. 2018 оны өргөн барьж байгаа төсөл мөн 2,4 их наядаар орж ирж байна. Ингээд 2020 он хүртэл жилд дунджаар тэрбум долларын алдагдалтай төрх харагдаж байна.

Бид олсноосоо нэг тэрбум доллар илүү зарж байгаа. Энэ зардлаа нөххийн тулд гадаад, дотоодын зээл авдаг. Ийм маягаар явахын бол чөтгөрийн тойрог гэдэг тэнхлэгээсээ гарахгүй.

Төсвийн бодлого монголын эдийн засгийг тэлэх чиглэлд явах ёстой. Тэгж байж эдийн засаг босч ирнэ. Өнөөгийн байдлаар ямар ч Засгийн газар гарч, ямар ч үйл ажиллагаа явуулсан жилдээ тэрбумын алдадлаа зээлээр төлдөг хэвээр байна.

Энэ парламент үлдэж байгаа 2,5 жилийнхээ хугацаанд мөнгөнийхөө бодлогыг цоо шинээр авч хэрэгжүүлж, зоригтой, далайцтай үйл ажиллагаа эхлүүлэхгүй бол өнөөдрийн стандарт урсгал төсөв, зардал жилдээ 2,5 их наядын төсөв баталж явсаар байна. Жаахан олсон эх үүсвэрээ зээлийн хүүнд өгсөөр байгаад дуусгах ерөнхий дүр зураг тодорхой болж эхэлж байна.


Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр саналт хураалт явуулахад оролцсон гишүүдийн 77.2 хувь нь дэмжсэн юм.