Ажлын хэсгийг Б.Баттөмөр ахална
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төслийн талаар танилцуулав.
Хугацаа нь тулсан гадаад өрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээх, санхүүгийн хямралаас сэргийлэх зэрэг Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт олон сорилт тулгарсныг даван туулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэн хэлсэн.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан
Хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавих зорилгоор Олон улсын валютын сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-тэй уялдуулан 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж байгаа гэв.
Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсөв. Гэсэн хэдий ч дунд, урт хугацааны гадаад төлбөрийн дарамт, өрийн түвшин өндөр хэвээр байгаа тул төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх шаардлага хэвээр байгааг танилцуулгын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцоллоо.
Энэ шаардлагын хүрээнд ирэх он жилүүдэд хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг Төв банкны нээлттэй байдал, хариуцлага, засаглалыг сайжруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тусган боловсруулсан байна.
Гишүүд асуулт асууж,, санал хэлэв
Инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 5.4 хувьд хүрч, өмнөх саруудаас өсөх хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон зарим төрлийн татвар нэмэгдэх нөлөөгөөр инфляци өсөх ч Төв банк бууруулахаас илүүтэйгээр 8 орчим хувьд тогтворжуулах нь чухал хэмээн үзсэн байна.
Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх зорилготой нийцтэй байдлаар тодорхойлжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асуулаа.
Тухайлбал, зээлийн хүүг бууруулахад чиглэлээр Монгол банк ямар бодлого, арга хэмжээ авч байгааг тодруулсан асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Төв банк зээлийн хүүг буурлах цаг болсон хэмээн үзэж өргөн мэдүүлээд буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлэх заалт оруулсан байгаа.
Тус баримт бичгийг боловсруулахаар мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох төрийн байгууллагууд, банк, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгав. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй Банкны тухай хуулийн төсөлд зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монгол банкинд олгох тухай заалтыг тусгасан байгаа гэв.
Мөн гишүүдийн тодруулсны дагуу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсад хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын 40 Зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх, 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг даалгавар өгөгдөөд байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжив.
Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгууллаа.