2017.11.17

2018 оны мөнгөний бодлогоор эдийн засгийн реформууд хийхээр зорьжээ

Төв банкны тухай хуулийн дагуу Монголбанк жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж УИХ-д өргөн барьдаг. Энэ жишгээр 2018 оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийг боловруулж, 2017 оны 09 сарын 29-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-д өргөн мэдүүлсэн. Ийнхүү УИХ-аас Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллан, хэлэлцүүлэгт бэлтгэж энэ сарын 17-нд хуулийн төслийг эцэслэн баталлаа.

“Өнгөрсөн жилийн хувьд нэн тэргүүнд эдийн засагт үүсээд байсан хүндрэл бэрхшээлүүдийг аль болох богино хугацаанд даван туулахын тулд тогтворжуулах арга хэмжээнүүдийг авахад бодлогын гол зорилго оршиж байв. Үр дүн нь ч гарсан. Харин 2018 он бол эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн жил болно гэж харж байгаа. Түүнд чиглэсэн бодлогын баримт бичиг батлагдаж байна” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн.

Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж, зах зээлийн механизмд суурилан хэрэгждэг онцлогтой. Үндэсний статистикийн хорооноос зарласан судалгаагаар яг нэг жилийн өмнө 1.4% агшиж байсан эдийн засгийн өсөлт 5.8%-д хүрсэн байна. Мөн Монголбанкны валютын нөөц 2.2 тэрбум доллар байгаа юм.

2018 онд Төрөөс барих мөнгөний бодлогын чиглэлээр авах онцлох арга хэмжээнүүдийг дурдъя.

Инфляцыг тогтворжуулна

Төв банкны бодлого үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой. Монголбанкнаас 2018 оны инфляцын түвшинг 8.6 хувьтай байхаар тооцож хуулийн төсөлдөө тусгасан байна. Ингэхдээ нийлүүлэлинй шинж чанартай инфляцид мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэхгүй бөгөөд харин 2 дахь үеийн болон дам нөлөө нь өндөр үед мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан арга хэмжээ авна.

Валютын ханшийг тогтворжуулна

Монгол Улсын валютын нөөц 2.2 тэрбум болсон. ОУВС-гаас оруулж ирэх 576 сая доллар нэмэгдэж орж ирснээр 2018 оны төгсгөлд 3 тэрбум болно гэж тооцоолсон. Тиймээс 2018 онд валютын ханш өсөх асуудал яригдахгүй хэмээн тооцоолж байна. Үүнийг дагаад аж ахуйн нэгж, бизнес эрхэлж байгаа хүмүүст валютын ханшны дарамт орж ирэхгүй, тэдний итгэлийг сэргээхэд том нөлөө үзүүлэх юм. 2018 онд валютын ханшийг хэт өсгөхгүй, хэт буулгахгүй тогтвортой байлгах зорилт тавьж байна.

Зээлийн хүү болон Хадгаламжийн хүүг бууруулна

Хуульд Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан, хэрэгжүүлэх заалтыг тусгасан. Манай улсын арилжааны банкууд дунджаар жилийн 19.5 хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгодог. Зээлийн хүү өндөр байгаа гэдэг үндэслэлээр олон нийтээс арилжааны банкууд руу сөрөг хандлага нэмэгдэж буй учраас арилжааны банкууд энэ асуудлаар санал гарган, Төв банк руу хандан санал тавьснаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Мөн хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэж үзэн “Банкны тухай” хуульд зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монголбанканд олгох тухай заалтыг оруулж өгсөн.

УИХ Банкны тухай хуулийг хэлэлцэн баталсан тохиолдолд Монголбанк арилжааны банкуудын зээлийн болон хадгаламжийн хүүг зохицуулах эрхтэй болох юм.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулна

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас манай улсад хийсэн судалгаагаар Монгол Улсад мөнгө угаах ноцтой нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах болон терроризмиыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг боловронгуй болгоор болсон байна.

Төв банк нээлттэй, ил тод болно

Мөнгөний бодлогын шийдвэр, түүний үндэслэлийг олон нийтэд ойлгомжтой, тогтмол давтамжтайгаар, хүртээмжтэй тайлбарлан таниулах нь бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээж, тэдний эрсдлийн дуирдлага, бизнес төлөвлөлт, алсын хараа зэрэг олон хүчин зүйлст нөлөөлдөг. Энэ чиглэлээр дараах ажлуудыг тогтмол зохион байгуулна.

  • Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал зохион байгуулах, МБ-ын шийдвэр гаргах болон инфляцийн тайлан гаргах товыг олон нийтэд оны эхэнд урьдчилан зарлаж, уг товыг оны туршид баримтлан ажиллана.

  • МБ-ын шийдвэр гарсан даруйд хэвлэлийн хурлыг зарлаж, бодлогын арга хэмжээний үндэслэлийг олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг сайжруулна.

  • МБ-ын шийдвэрүүд, тэдгээрийг гаргаж буй үндэслэл, МБ-ын үндсэн зорилттой нийцэж буй байдал, инфляцийн тайлан, төв банкнаас авч үзэж буй макро эдийн засгийн ирээдүйн төлөвийг иргэд, хувийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, санхүүгийн зах зээлд оролцогчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зэрэг нийгмийн төрөл бүрийн зорилтот бүлгүүдэд тусгайлан чиглэгдсэн байдлаар тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж хэвшүүлнэ.

Монголбанкны хараат бус байдал

Монголбанкны хэмжээнд 11 хууль боловсруулагдаж байна. Тодруулбал, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль,  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бэлтгэж байна.

Мөн шинээр Валютын зохицуулалтын тухай хууль, Векселийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Активын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна.

Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны үндсэн зорилтыг илүү тодорхой болгох, хараат бус байдлыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах, засаглалын тогтолцоог сайжруулах г.м. олон суурь шинэчлэлт хийгдэж байна.