Ж.Энхбаяр: Уг хуулийн төсөл батлагдлаа гээд эрх зүйн шинэчлэл хийж чадсангүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хууль сахиулах байгууллага уу, цэргийн байгууллага уу гэж асуув.
Нэрийг харахад хууль сахиулах байгууллага гэж ойлгохоор, лавшруулаад үзэхэд цэргийн эрх зүйгээр зохицуулагдаж байна. Тэгсэн атлаа тусдаа бие даасан хуультай, цол тэмдэг байгууллага байгаад байдаг. Цэргийн байгууллага юм уу гэхээр цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа тал дээр зөрчилдөж байна. Хэрэв хууль сахиулах байгууллага мөн бол хуулиа сахиулж, хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох ёстой.
Өнөөдрийн нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль сахиулах ч биш, цэргийн байгууллага ч биш болчихоод байна. Уг хуулийн төслөөр эрх зүйн шинэчлэл хийж чадсангүй.
Монгол төрийн бодлого гарч, төрийн цэргийн байгуулалт гэдгийг тодорхой болгож, чиг үүргийг нарийвчлан энэ салбарын эрх зүйн шинэчлэлт бүрэн хийгдэж дууссан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар бодлогоор явахыг Хууль зүй, дотоод хэргийн яам яаж тодорхойлсныг сайн ойлгохгүй байгаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статус ойлгомжгүй үлдлээ.
Энэ салбарын ажилтан, албан хаагчид цэргийн дүрэмт хувцас өмсч, тэрүүгээр нь нийгмийн олон асуудал нь шийдэгддэг. Үүнийг баталгаажуулахын тулд дайн бүхий байдалд дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд орж ажиллана гэж Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Батлан хамгаалахын багц хуульд зааж өгсөн. Гэтэл энэ агуулгыг уг хуулийн төслөөс хассан байна. Өөрөр хэлбэл, цэргийн эрх зүйгээр зохицуулах суурь нөхцөлийг үгүй хийлээ шүү дээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
Яг одоо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэж байх үеэр хөндөж тавих бололцоо байсан.