2022.06.16
Н.Энхболд: Хуулиа боловсруулахдаа Зэвсэгт хүчний командлагчаас санал авсан уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Энэ хуулиуд гарснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орох юм байна. Цэргийхэнтэй ойролцоо үүрэг гүйцэтгэдэг үүрэг, даалгавар онцлогтой холбоотой ороход болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Хилийн цэрэг, Онцгой байдлын газар орж байгаа. Тайван цагт тус тусынхаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа бие дааж явуулдаг. Дайн бусад шаардлагатай үед Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ороод Зэвсэгт хүчний командлагчийн удирдлаган дор үйл ажиллагаа явуулах зохицуулалттай.
Хуулиа боловсруулахдаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас санал авсан зүйл байна уу? Заавал авах зохицуулалт байхгүй бол цаашдаа бид хууль тогтоомжийн тухай хуулинд зарим тодотгол оруулах шаардлагатай гэж бодож байгаа юм.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.