2017.04.27

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн урамшууллыг хасна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. 15 жилийн өмнө анх батлагдаж байсан уг хуулийг шинэчлэх шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. 

Хуулийн төсөл нь 5 хэсэгтэй бөгөөд тэр дундаас иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд зориулж хэд хэдэн шинэлэг зохицуулалт оруулж өгсөн байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн агуулга, үзэл санааг өргөжүүлж, 150 орчим зүйлтэй хууль байсныг 302 зүйлтэй том хууль болгосныг онцоллоо. 

Хуулийн төсөлтэй танилцсан Л.Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчид тавих шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хувь зэрэг зарим зүйлийг ажлын хэсгээс тодруулсан юм. 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага мөн. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 257 дугаар зүйл, 1 дэх хэсэг/ 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Дээр дурдсан хоёр заалт хоорондоо зөрчилдөж байна гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үзэж байна. Тэрээр төрийн захиргааны байгууллагын ажилтан нь цэргийн цол, дүрэмт хувцастай байх нь зохимжгүй учраас "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн тусгай алба мөн" гэж тодорхойлохыг хууль санаачлагчаас хүслээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, эрх зүйн дээд боловсролтой, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, ёс зүйн шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн 270 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/

Хуулийн төсөлд "Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь эрх зүйн дээд боловсролтой байна гэж заасан байна. Тэгвэл төлбөр төлөгч, төлбөр авагч хоёрын асуудлыг зохицуулаад зогсохгүй хорих ангид хянагч хийдэг шийдвэр гүйцэтгэгч хүртэл бий. Тэд бүгд эрх зүйн дээд боловсролтой байна гэж шаардах нь зохисгүй гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үзэж байгаа бол ажлын хэсгийнхэн иргэдтэй тулж ажиллан, тэдний эд хөрөнгөтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байгаа хүн дээд боловсролтой байх нь зүйн хэрэг гэж тайлбарлав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувь хэмжээ харьцангуй бага буюу 50 хувьтай байна. Тэгвэл хуулийн төсөлд энэ хувь хэмжээг өсгөх зохицуулалт бий эсэхийг тодруулсан.

Түүний дэвшүүлсэн санал, шүүмжлэлийг сонссон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тогтолцооны хувьд Засгийн газрын харьяа байгууллага гэдэг утгаараа төрийн захиргааны төв байгууллагад хамаарагдаж байгаа юм. Гэхдээ төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа учраас цэргийн цол, хувцастай байя гэж Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Гэхдээ уг асуудлыг хэлэлцүүлгийн явцад нилээд нухацтай авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа гурван гол зарчим баримталсан байна. Үүнд, 

  1. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгддэг байх ёстой.
  2. Төлбөр төлөгч төлбөр авагчийн хууль ёсны эрх сонирхлыг ижил түвшинд хамгаалах ёстой.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн, шуурхай хийж гүйцэтгэнэ.

Шинэлэг зохицуулалтын тухайд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх буюу шүүхийн шийдвэр гарснаас хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх хугацааг тодорхойлохоор болсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарсан ч сайн дурын үндсэн дээр төлж байгаа мэтээр өр төлбөр барагдуулах хугацаа сунжирч, төлбөр авагч талд хүндрэл учирдаг байсан. Тэгвэл үүнийг өөрчилж, шүүхийн шийдвэр гарсан л бол тодорхой хугацааны дотор өр төлбөрөө бүрэн барагдуулах үүргийг хуульчилж өгчээ. Ингэснээр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хувь хэмжээ ч өсөх боломжтой гэв. 

Харин одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд шүүхийн шийдвэр хангуулах үүднээс шийдвэр гүйцэтгэгчийг тухайн өр төлбөрийн үнийн дүнгийн 0,5-10 хувиар урамшуулна гэж заасан байдаг. Уг урамшууллын орлогоос зарим нэг урсгал зардлыг санхүүжүүлж байгаа ч энэ заалтыг хуулиас хасахгүй юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид их үнийн дүнтэй шийдвэрийг сонгон авч хөөцөлддөг тохиолдол олон байна гэж хууль санаачлагч үзжээ.