Л.Энх-Амгалан: Нийгмийн баталгааг ижил түвшинд авчрах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт шинэчлэгдэж, албан хаагчийн нийгэм, улс төр, хууль эрх зүйн баталгааг ханган, ял шийтгэлийн төрөл хэлбэр нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нийцэж, ял эдлүүлэх үйл ажиллагаанд цахим болон хяналтын систем нэвтрэх юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн нийгмийн баталгааг бусад хууль сахиулах чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай ижил, оролцоо түвшинд барих нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодорхой дүгнэлт гаргуулж, ул суурьтай хандахыг хууль санаачлагчаас хүслээ.
Өнгөрөгч намрын чуулганаар Батлан хамгаалахын багц хууль, Цагдаагийн албаны тухай, Хилийн тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийг батлах үед төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тодорхой шийдэж өгсөн юм.
Эдгээр хуулийг хэлэлцэн батлах үед, батлагдсаны дараа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, хамрагдахын тулд тодорхой шаардлага биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэний улмаас төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад зориулж зардал нэмэхгүй, одоогийн хүрсэн түвшнийг дордуулахгүй байх шийдэлд хүрсэн гэдгийг хууль санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шийдвэр гүйцэтгэгчийн улс төр, хууль эрх зүйн баталгааг хангах талаар тодорхой заалт тусгасан.
Харин нийгмийн баталгааг хангах талын зохицуулалтыг ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, эдийн засгийн нөхцөл байдал дээрдсэний дараа нэмэх боломж бий талаар С.Бямбацогт тайлбар өгөв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг түүний гэр бүлд нэг удаа олгоно.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол хуульд заасан баталгаа нэгэн адил хамаарна.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмжээс гадна Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно. Үүнд
- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор
- Хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг;
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.
5. Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих ба буцах замын зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно.
7. Хорих ангийн алба хаагчийг эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд алба хаасантай нь холбоотойгоор шаардлагатай бол 1 сар хүртэл хугацаагаар сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулна.