УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.04.27

Д.Тэрбишдагва: Хууль хүчний байгууллагын хууль байнга ногоон гэрлээр гардаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хууль хүчний байгууллагыг шүүмжилж үг хэлсэн юм. Тэрээр:

"Хууль хүчний байгууллагатай холбоотой хууль ногоон гэрлээр гардаг. Гарахдаа дандаа төсөв хөрөнгө, цол албан тушаал нэмэгддэг. Цаашдаа генералуудаас айж амьдармааргүй байна шүү.

УИХ-ын нилээд хэдэн гишүүд дурдлаа. Төрийн албан хаагч нараа ялгаварлаж үздэг. Прокурор, АТГ, шүүхийн асуудлууд орж ирэхээр цалин хөлс нь нэмэгдчихдэг. Сая тэтгэврийг эмэгтэй 60, эрэгтэй 65 гэж тогтоосон байхад энд дээд тал нь 57 настай гэж байх юм.

Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг эсэргүүцээгүй. Гэхдээ ард түмнээ ялгаварлах байдлыг эсэргүүцэж байна.

250мянган төгрөгөөр амьдардаг хүн байхад зарим нь тэтгэвэртээ гарахдаа л хэдэн зуун саяар авж байна. Ард түмэндээ жигд хандахгүй бол энэ улс дектатор эсвэл генералын улс болж хувирлаа" гэлээ.