УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2017.06.02

УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.  

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшинд хүргэх, улсын төсвийн зарлагын ангилалд шинээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих тухай эдийн засгийн ангиллыг нэмэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран хувьсах зардал болон багш, ажилтан, албан хаагчдын цалин урамшууллыг ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан нэмэгдүүлэн тооцох, зардлыг холбогдох төсөвт жил бүр тусгах, хөгжлийн бэршээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн сан байгуулах, дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг саналуудыг тус тус тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулгадаа дурдав.

Дараа нь уг тогтоолын талаар зарчмын зөрүүтэй 13 саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналуудыг бүхэлд нь дэмжлээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нараас төслийн 1 дүгээр заалтын 10 дахь хэсэгт “хөгжлийн бэршээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах”, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар төслийн 1 дүгээр заалтыг 11-т “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад хамран сургах, сургалтын ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах, сургалтын зардал болон тэтгэлгийг улсын төсвөөс олгох” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан нар төслийн 1 дүгээр заалтад   12-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах”, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан нарын төслийн 1 дүгээр заалтын 13-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэж нэмэх саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.  

Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.