2017.04.12

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар есөн багц арга хэмжээ авна

2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг тандахаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт О.Баасанхүү, Б.Саранчимэг, Н.Учрал нар ерөнхий боловсролын тусгай сургуулиуд болон зарим ТББ-д ажиллажээ.

Тодруулбал, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63, 116-р сургуулиудын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна.

Мөн Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор, цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 186 дугаар цэцэрлэг, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төвийнхөнтэй уулзаж, нөхцөл байдлыг танджээ.

Монгол Улсад 100 мянга гаруй /101730/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байна. Дээр дурдсан тусгай сургуулиудад 1658 хүүхэд сурч, 402 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.  

Нөхцөл байдалтай газар дээр танилцах явцад хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа олж тогтоосон байна. Нөгөө талаар хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн нийгмийн баталгааг сайжруулах тухай заасан ч бодит байдалд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эх, асран хамгаалагчид асаргааны зардалд сард 64 000 төгрөг олгож байгаа нь хүрэлцдэггүй болохыг албаны эх сурвалж мэдээлж байна.

Мөн хуульд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх тухай оруулж өгсөн ч бодит байдалд хэрэгждэггүй. Тэдгээр иргэдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж сул байгааг УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн мэдээллээ.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байна.

Уг тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс нийт 9 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад даалгав гэжээ. Тогтоолын биелэлтэд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны  дарга Л.Энх-Амгалан хяналт тавих юм.

Хэрэгжилтийг 2017 оны хаврын чуулганы хугацаанд багтаан УИХ-д танилцуулах тухай дурджээ.

Ингээд хөгжлийн бэрхшээлийн иргэдийн талаар зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн 9 багц арга хэмжээг нэг бүрчлэн дурдъя. 

1. Үндэсний хөтөлбөр боловсруулна

“Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах

2. Тусгай хэрэгцээт сан байгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж 2017 оны хаврын чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргана

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах

4. Хэвтрийн болон хүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв, сумын нэгжүүдээр дамжуулан хэвтрийн, хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг үсгийн болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх ажлыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлүүлэх

Мөн шаардлагатай тоног төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгаа орчинд суурилуулах зайн сургалтын тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах багшийн цалинг тооцож улсын төсөвт тусгах

5. Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагыг дэмжинэ

Бүх шатны Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих

Тухайн орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулах асуудлыг Засаг даргын үр дүнгийн гэрээнд тусгаж, үүрэгжүүлж ажиллуулах

6. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлнэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар тус тус хангах

7. Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтооно

Тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох

8. Багш нарыг чадавхжуулна

Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих

9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ

Өвчний магадлалтай иргэдийн группыг сунгахад тулгарч буй асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэх