УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.12

О.Баасанхүү: Хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёог солимоор юм билээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.  

Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та бүхэн танилцуулгыг хардаа хөгжлийн бэрхшээлтэй 100,000 гаруй хүн байна. Бид 21 аймагтай. Бүхэл бүтэн нэг аймагтай тэнцэхүйц хүн яг өнөөдөр Монгол улсын төр засгаас анхаарал халамж, хууль эрхзүйн хамгаалал хүсч байна. Бид үүнийг бодитой авч үзэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд саажилттай хүүхдүүдийн тийм болсон шалтгаан нь 30, 40 хувь нь бараг эмчийн буруутай үйлдлээс болж байна.

Яагаад гэхлээр төрөх үед нь ургын бүтэлт, төрөх үеийн эмчийн алдаа гардаг, төрөх үеийн байдлаас болж янз бүрийн асуудал үүсдэг. Би сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзаж байсан. Тэд бид хөгжлийн бэрхшээлтэй бишээ та дохионы хэлээр ярьж чадах уу? Та хөгжлийн бэрхшээлтэй гэсэн. Бид хөгжилгүй хүн юмуу? хөгжилгүй гэж үзвэл бид сонсголгүй хирнээ дохион хэлээр ярьж ойлгож байна гэж хэлж байсан. Цаашдаа хөгжлийн бэрхшээл гээдг үгийг бид солимоор юм билээ.

Өөрсдөө энэ үгэнд эмзэглэдэг юм байна лээ. Тахир дутуу гэдэг үгийг сольсон. Тэд нарыг хөгжилгүй гэдэг нь бид хөгжилгүй гэж харагдахуйц байна. Энэхүү төсөл дээр гишүүд анхааралтай хандаж хариуцлагатай шийдээсэй гэж хүсэж байна. Саажилттай хүүхдийн хувьд хөдөлгөөн заслын төв бүх аймагт баймаар байна. Яг мэргэжлийн хүн байх хэрэгтэй байна. Орхон аймагт хөдөлгөөн заслын төв байхгүйгээс болж хүүхдүүд нь булчингийн чангаралтай, хөл гар нь хатингаршилтай болоод байна шүү дээ.

Энэ бол үнэхээр аймшигтай юм. Байнгын хөдөлгөөнт засал хийлгэсэнээр бүр мөсөн эрүүл болохгүйч өөрийгөө аваад явчихдаг чадамжийг суулгадаг туршлага байдаг юм байна.Засалд хамрагдаж чадахгүйгээсээ болж хүүхдүүд хөл гар нь кальцын дутагдлаас болж хугарч байна. Бидний нэгхэн хуруу хугарахад яаж өвддөг билээ. Тэгтэл тэдгээр хүүхдүүдийн хөл гар нь хугарахад юу болов билээ?

Иймд өргөн бүтцээр харж биш нэгж хэсэг бүрт анхаарч ажилламаар байна. Хүүхдүүдийн бэрхшээл тус бүрт онцлог, шаардлагатайг нь бодолцож ажилламааар байна.