2017.05.15

Асаргааны тэтгэмжийг амьжиргааны доод түвшинтэй уяна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх, боловсрол эзэмших, амьдрах таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

2016 оны 2 дугаар сарын 5-нд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч хэрэгжилт хангалтгүй байна гэж НББСШУ-ны байнгын хорооны гишүүд дүгнэжээ. Тиймээс уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын гишүүд тогтоолын төсөл санаачилсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хүүхдэд чиглэсэн цогц есөн арга хэмжээ авахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газар сайн ажилласангүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс УИХ-ын гишүүд тогтоолын төсөл санаачилж байгааг сайшааж байв.

Уг тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд 13,6 тэрбум төгрөг шаардлагатай болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэллээ.

Хэдий эдийн засаг хүндрэлтэй, төсөв санхүүгийн хүрэлцээ тааруу байгаа ч 2017 оны төсвийг тодотгохдоо шаардлагатай төсвийг тусгуулах боломжтой гэдгийг хууль санаачлагч Ц.Цогзолмаа онцоллоо.

Тогтоолын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид олгох асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэнэ гэжээ.

Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмж сар бүр 64 000 төгрөг байгаа бол тогтоолын төсөл батлагдсанаар баруун, зүүн гээд аль бүсэд амьдарч байгаагаасаа шалтгаалан 166-185 мянган төгрөг болох юм.

Улсын хэмжээнд төрийн өмчит 52 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв ажиллаж байгаа бөгөөд тус төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг нэг анги байдаг гэж салбарын яам мэдээлж байна. “Нэг төвд нэг анги” байх нь учир дутагдалтай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах ёстой гэж хуульд заасан ч тэдний мэргэжил, мэргэшил гологдох магадлалтай байдаг учраас бие даасан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулах нь зүйтэй гэсэн санал хэд хэдэн гишүүнээс гарч байлаа.

29, 116 зэрэг тусгай сургуультай холбоотой асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед сургалтын орчин нөхцлийг сайжруулах, багш нарыг чадавжуулах, тэдний цалин хангамжийг нэмэх зэрэг асуудал ч энэ үеэр хөндөгдөж байсан юм. Тэр дундаа Улаанбаатар хотод л тусгай хэрэгцээт сургуулиуд байхад хөдөө орон нутагт байдал хүнд байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог аймаг, сум, дүүрэг бүрээр нарийвчлан гаргаж, хаана боловсрол болоод нийгмийн бусад тусламж, үйлчилгээ хүрэлцээ муутай байгааг тодруулсны үндсэн дээр сургууль, эмнэлэг шинээр байгуулах уу гэдгээ шийднэ гэж хууль санаачлагч хэллээ.

Засгийн газрын зүгээс тусгай хэрэгцээт сургуулиудыг нэмж байгуулахыг урьдал болголгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл саруул хүүхдүүдийн дунд сургах, хөгжүүлэх бодлого барьж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, санхүүжилт олгох тал дээр талууд санал нэгдсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг Засгийн газрын тэргүүн ахалдаг бөгөөд тэдэнд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг, тогтоолын төсөл батлагдсанаар эдгээр ажлыг эрчимжүүлэх болно гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдлээ.