Д.Оюунхорол: Зөвийг зөөлөн ухаанаар дэмжиж, бурууг нь хатуу хандлагаар засагч холбоо
Ахмадаа дээдэлсэн Ардын намын үндэсний хэмжээний зөвлөлгөөн өчигдөр эхэллээ. Ахмадын холбооноос зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Монгол улсын өнцөг булан бүрээс төв орон нутаг дахь салбар байгууллагын дэргэдэх Ахмадын байгууллагын удирдлага төлөөлөл ,үе үеийн удирдлагууд ,нам төрийн ахмад зүтгэлтнүүд нийлсэн 800 хүн оролцохоор ирсэн байв. Уг зөвлөлгөөний үеэр УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхоролын хэлсэн үг цугласан олны сэтгэлийг хөдөлгөж байв.
Тэрбээр "Улс төрийн ууган хүчин, засаг төрийн эрх баригч МАН-ын дэргэдэх ахмадын холбоо нь гандан бууршгүй гавьяат үйлс нь үеийн үед тодоос тод гэрэлтэх алдар гавьяатнуудын холбоо, амьдралын их туршлага, аж төрж амьдрах арга ухаанаа хойч үедээ өвлүүлэгч ахмад буурлуудын холбоо, аливаа үйлс бүтээлийн зөвийг зөөлөн ухаанаар дэмжиж, бурууг нь хатуу хандлагаар засагч зөв үйлстнүүдийн холбоо билээ" гэсэн юм. Түүнээс гадна 2012 он бүх шатны улс төрийн сонгуулийн нэн хариуцлагатай жил гэдгийг ч сануулж байв. Ахмадууд маань нэн шинэ түүхийн улс төрийн сонгууль бүрт Ардын намынхаа найдвартай ар тал, суурь хүч, түшиг тулгуур байсаар ирснийг уламжилсан. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиараа дэнчин тавьж, хатан зоригоороо байгуулсан эх орончдын шүшиглэж хайрласан Ардын нам хэмээх уугуул нэрээрээ анх удаа оролцож буй энэ сонгуульд манай нам ялалт байгуулах нь зөвхөн нэр төр, алдар гавьяаны хэрэг төдий бус түүхэн үүрэг хариуцлага, уламжлан залгамжлуулах буурал дээдсийн захиас даалгавар" хэмээж байлаа.