Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн эзэмшилд авахыг гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа
Улсын Их Хурлын Чуулган
2017.02.10

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн эзэмшилд авахыг гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа

2017 оны 2 дугаар сарын 10-ны Улсын их хурлын чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "2015 онд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг байгуулчхаад ирэхэд нь огцруулах ёстой байсан. Тэгсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хувийн хэвшил Эрдэнэтийг авах нь буруу биш. Хууль зөрчигчид нь тухайн үеийн эрх баригчид юм. тухайлбал төрийн 3 өндөрлөг. Яагаад ҮАБЗөвлөл хуралдаагүй юм бэ. Эрдэнэт бол жижигхэн ААНэгж биш.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бидний өнөөдөр хүчингүй болгохоор хэлэлцэж буй УИХ-ын 330 дугаар тогтоолын цаад утга нь яагаад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээгүй вэ гэдэг асуулт урган гараад байгаа шүү дээ. Ч.Сайханбилэгийн хэлдгээр үнэхээр цаг хугацааны хайчинд орсон юм уу эсвэл үнэхээр хууль бусаар худалдсан эсэхийг мэдмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  Улстөрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байна. Өнөөдөр ийм юм болж байгаад би үнэхээр харамсаж байна. Үүн дээр хүний өмчид хандах үзэл бодлын зөрүү харагдаж байгаа юм. Би шууд л хэлнэ. Энэ бол Улстөрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байгаа явдал гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудлыг Монгол Улс дотооддоо шийдэх ёстой. Энэ бол олон улсын шүүхээр хэлэлцэх маргаан биш.

Ийнхүү гишүүд асуулт асууж үг хэлсний дараа МУ-ын Ерөнхийлөгч мэдээлэл хийсний дараа УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, гишүүдийн 80,3 хувийн дэмжлэгээр тогтоолын төсөл батлагдлаа.