Ц.Элбэгдорж: 9 жил илүү ажилласан энэ үйлдвэрийн хаалт, хөгжлийн тухай ярих цаг болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 тоот тогтоолын нэгдүгээр зүйлийг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн эзэмшилд авах асуудлаар ширүүхэн маргаан өрнөсөн.
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа оролцдог. Тэгвэл энэ дагуу өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
1. УИХ гэдэг бол улс орныхоо төлөө зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр асуудал шийддэг газар. Өнөөдөр хэлэлцэж буй асуудлаар УИХ шийдвэр гаргах гэж байна. Эхэндээ энэ асуудал нэг, хоёр улстөрчийн мэдэгдэл төдий байсан бол өнөөдөр Монголын төрийн шийдвэр болох нь.
2. Монголчууд бид бие биенээ дэмжиж урагшлах хэрэгтэй. Бид бие биенээ “маажирч”, муулаад, нэг нэгнээ дийлж буй мэт дүр үзүүллээ гээд урагшилж чадахгүй. Сүүлийн үед гарч буй энэ задрал, хагарал, үзэн ядалт бол Монголын эмгэнэл болчихоод байна.
Энэ асуудлыг шинэ УИХ-ын бүрэн эрх баталгаажиж, эхний өдрийн хуралдаанаар авч хэлэлцэх ёстой байсан. УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ нэг ч өдөр алдаж болохгүй гэдэг байр суурь барьсан. Энэ Их хурал 1990 оноос хойш хамгийн хурдан бүрэлдэж тогтсон УИХ болсон. Гэтэл уг асуудлыг бүрэн эрхээ хэрэгжүүлсэнээс хойш 7 сарын дараа ярьж байна.
3. УИХ-аас Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна. Миний бие УИХ нээлттэй сонсгол хийх хэрэгтэй, Засгийн газрын тэргүүн, шийдвэр гаргахад оролцсон бүх хүн, оролцогч талууд бүгд сууж нээлттэй ярилцье гэж санал гаргасан. Гэтэл нээлттэй сонсгол хийгээгүй.
4. 51 нь 51 шиг байх ёстой, 49 нь 49 шиг байх ёстой. Хууль, дүрэм зөрчсөн бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй.
5. 1978 онд нээлтээ хийсэн Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаасаа хойш бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тухайн үед тооцож байсан. Тэгвэл өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн тойрсон 600 орчим сая ам.долларын санхүү, хөрөнгийн асуудал байна. Энэ үйлдвэр 39 дэх жилдээ ажиллаж байгаа учраас 500 сая ам.долларын тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалт шаардагдаж байна.
6. 9 жил илүү ажилласан энэ үйлдвэрийн хаалт, хөгжлийн тухай ярих цаг болсон. Хаалт, хөгжлийн тухай хууль тогтоомжийн төсөл зарим гишүүн санаачилсан тухай сураг сонссон.
7. Эрдэнэт үйлдвэр саалийн үнээ гэдэг. Тарган чадалтай саалийн үнээ байсан цаг бий. Одоо бол эмчилгээ, тэжээл шаардлагатай болсон. Одоо хөгширсөн. Одоо дэмжлэг хэрэгтэй.
8. Эрдэнэт үйлдвэрт 6000 хүн ажиллаж байгаа. Эдгээр хүний цаана 5 хүн байна гэж үзвэл 30 мянган хүний ажил, амьдрал Эрдэнэт үйлдвэртэй шууд холбоотой байдаг. Шууд бус холбоотой 60 мянган хүн бий. Монгол Улсыг нэгэн цагт тэжээж байсан Эрдэнэт үйлдвэр хаагдвал тэнд амьдарч буй 100 мянган хүний хувь заяа яах вэ?
9. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж буй төр, 49 хувийг худалдан авсан нөхдүүдэд шаардлага тавих ёстой гэдэг дээр нэг ижил байр суурьтай байгаа. Эрдэнэт үйлдвэрийн дансыг шилэн болгох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтыг шилэн болгох хэрэгтэй. Хүн бүр интернэтээр ороод харах боломжтой байх ёстой.
10. Эрдэнэт үйлдвэрт олон улсын шаардлагад нийцсэн компанийн засаглал хэрэгжих ёстой. Жил бүр олон улсын стандартын дагуу аудит хийх ёстой гэж шаардах хэрэгтэй.