О.Баасанхүү: Тогтоолын төслийг баталлаа гэхэд арбитрын маргаан үүсэх үү?
Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм.
Эрдэнэтийн овооноос Эрдэнэт үйлдвэрийг зарах гээд байна гэдгийг хэлж байсан. Дараа нь 2016 оны 3, 4 дүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд дуудаж байлаа. Тэр үед намайг зөндөө хүн шоолж л байсан байх.
Тэр үед парламентын мэтгэлцээний зарчим үйлчилдэггүй байсан. Засгийн газрын гурван сайд нь энэ талаар мэдчихээд хэвлэлийн хурал хийлгэснийхээ төлөө засгаасаа хөөгдөж байсан.
Асуудлын гол нь хуулийн дагуу нийгэмчлэх тухай юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд зөвхөн хуулиар хувийн өмчийн эрхийг хязгаарлаж болно гэж заасан байдаг. Тиймээс уг тогтоолын төслийг чанаргүй боловсруулсан байна гэж үзэж байна. Зориуд ийм төсөл оруулж ирэв үү, эсвэл үнэхээр чадавх нь ийм байна уу?
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яагаад Монгол төр худалдаж авч болоогүй юм бэ гэж Ростех компани асууж магадгүй юм. Гэтэл Ч.Сайханбилэг, Засгийн газар хууль зөрчсөн юм уу, зөрчөөгүй юм уу гэхээр зөрчөөгүй гэж прокурорын шийдвэр гарсан гэх юм.
Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох, хэлцэл хийж төрийн өмчид авна гэжээ. Хэлцэл хийнэ гэдгийг юу гэж ойлгох вэ?
Засгийн газрын 330 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцно гэж тогтоолын төсөлд тусгасан байна. Хэрэв Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж байгаа бол түүнийг тодорхой үндэслэлтэй гаргаж тавих нь зүйтэй.
Энэ УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа гэхэд арбитрын маргаан үүсэх эсэхийг Гадаад харилцааны яамнаас асуумаар байна.