Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргийг суутган тооцож, хэлцэл хийх замаар Монголын төр 100 хувь эзэмших ёстой
Эрдэнэт үйлдвэр ХХК
2017.02.10

Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргийг суутган тооцож, хэлцэл хийх замаар Монголын төр 100 хувь эзэмших ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг нээлттэй хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд тогтоолын төслийг танилцуулсан юм. 

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 6 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголын зэс корпораци худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Ш.Раднаасэд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж нар болон холбогдох бусад албан тушаалтан орж ажилласан юм. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, бусад материалыг судалж үзсэний үндсэн дээр дараах санал дүгнэлтийг гаргасан юм.

Монгол Улсын Их Хурал нэр бүхий төрийн өмчит компаниудын 49 хувийг худалдан эсэх асуудлаар шийдвэр гаргаагүй байхад хувийн банкийг төлөөлсөн этгээдүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хамтран уг асуудлаар яриа хэлэлцээр хийж, УИХ-ын бүрэн эрхэд хууль бусаар халдсан үйл ажиллагааны улмаас Монгол Улсын дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна.

Үүнд,

- Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1,15 дахь заалт: УИХ Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.

- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалт: Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ.

- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 8 дугаар зүйлийн 1,1 дахь заалт: УИХ бүх ард түмнийг төлөөлөн өмчлөгч байх бөгөөд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2,6 дахь хэсэгт заасан Төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байх бөгөөд тэдгээрийг төлөөлж, хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байж болно гэж заасныг үндэслэн дээр дурдсан үйлдвэрүүдийн 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн эзэмшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдгийг өмчлөгчийн хувьд УИХ шийдэхээр байсан нь зөрчигдсөн байна.

- Тодорхой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалт: Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс молибдений ордын одоогийн ашиглаж байгаа нөхцлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэгүй гэсэн заалт хүчинтэй байхад Засгийн газар уг заалтыг зөрчсөн байна. Засгийн газар дээрх шийдвэрийг гаргахдаа хууль тогтоомж болон Монголросцветмет ХХК-ийн 2007 оны гэрээг мөн л энэ байдлаар зөрчсөн болох нь тогтоогдсон.

Дээрх үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлага дор ажилладаг цөөн хүний нэр дээр байгуулсан компаниудын нэр дээр зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа ирээдүйд бий болох орлого, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан зэс худалдан авах гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц зэрэг хууль бус халхавч эсвэл огт байхгүй зүйлийг барьцаалан зээл авч, ашигласан болох нь тогтоогдсон.

Иймд Засгийн газар болон Монголбанк уг танилцуулгад дурдсан эх үүсвэрүүдийн хүрээнд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийх асуудлыг судалж үзэх ёстой гэж ажлын хэсэг үзсэн.

Эрдэнэт үйлдвэрийн 2016 онд улсын төсөвт төлөх татварын хэмжээ 230 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгааг Татварын алба тооцоолсон. Байнгын хороо эдгээр асуудлыг дүгнэн үзэж, Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд хууль бусаар халдаж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн статустайгаар ажиллуулах ёстой гэж үзлээ.

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрийг суутган тооцох, хэлцэл хийх замаар төрийн өмчит авах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн.

Дээрх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 10-ны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно.