Засгийн газар, Монголбанк, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны удирдлагуудад хариуцлага тооцно
Өнгөрөгч баасан гарагт Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан.
Тогтоолын төслийг батлах санал хураалтад 61 гишүүн оролцсоноос 49 гишүүн зөвшөөрч, 80,3 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдсан юм.
Уг тогтоолын төслийг батлахын эсрэг кноп хэн, хэн дарав?
Тэдний дунд МАН-2, АН-8, МАХН-1, бие даагч-1 гишүүн байв.
- О.Баасанхүү - Б.Наранхүү
- Л.Болд - Б.Пүрэвдорж
- Б.Дэлгэрсайхан - Я.Санжмятав
- С.Жавхлан - Ч.Хүрэлбаатар
- Д.Мурат - С.Эрдэнэ
- З.Нарантуяа - Д.Эрдэнэбат
Тогтоолыг УИХ-ын дарга М.Энхболдын танилцуулсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их хурлаас тогтоох нь
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь хэсгийн 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж, эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2. ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс Монголиан Коппер Корпорейшн ХХК-д шилжсэн Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-д даалгасугай
3. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох, хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-д даалгасугай
4. Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/ нарт даалгасугай.
Монгол Улсын Их хурал
2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Тогтоолоос харахад Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг төрийн эзэмшилд авахын тулд талууд хоорондоо хэлцэл хийнэ. Хэлцэл ямар процедур, нөхцөлтэй явагдах нь дараагийн асуудал болж байна.
Мөн тогтоолд Монголбанк, Засгийн газар Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны удирдлагуудад хариуцлага хүлээлгэх тухай заалт туссан нь анхаарал татаж байна.