2017.02.10

Д.Эрдэнэбат: Улстөрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байна

 УИХ-н чуулганаар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тухайн үед Аж үйлдвэрийн сайд байсан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Ж.Мөнхбат гишүүн "Яагаад хууль зөрчиж ийм зүйл хийв ээ?" хэмээн асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Д.Эрдэнэбат гишүүнээ Та яагаад хууль бус гэрээ дээр гарын үсэг зурчихав аа?

Хууль зөрчиж гаргасан гээд байгаа 2016 оны 6 сарын 13 өдрийн 330 дугаар Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурсан 2 хүн байдаг. Нэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар. 

Д.Эрдэнэбат гишүүнээ Та яагаад хууль бус гэрээ дээр гарын үсэг зурчихав аа?

Засгийн газрын 33 дугаар тэмдэглэлээр 3 заалтаар Танд үүрэг өгсөн.

Энэ үүрэгт " УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан тул МУ-ын хуулийн этгээд болох Монголын зэс компани, ОХУ-ын Ростех улсын корпарцийн эзэмшиж байгаа Эрдэнэт, Монросцеветментийн 49 хувийн энгийн хувьцааг  худалдан авсан талаар УИХ-д танилцуулан, МУ-ын ЗГ, ОХУ-ын ЗГ хоорондын дээрх хэлэлцээрүүдийг соёрхон баталсан хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг УИХ-д оруулах арга хэмжээг авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат даалгав" гэж байгаа юм. 

Засгийн газар чинь Танд тэмдэглэлээр үүрэг өгчихсөн байхад Та яагаад үүнийг хэрэгжүүлсэнгүй вэ?

Ядаж УИХ-ын тухайн үеийн удирдлагад мэдэгдсэн үү?  Та хариулж өгөөч. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  Улстөрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байна

Өнөөдөр ийм юм болж байгаад Би үнэхээр харамсаж байна. Үүн дээр хүний өмчид хандах үзэл бодлын зөрүү харагдаж байгаа юм.

Би шууд л хэлнэ. Энэ бол Улстөрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байгаа явдал гэж үзэж байна.

Тухайн үед засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. Аж үйлдвэрийн сайдын хувиар энэ асуудлыг оруулах үүрэг нь надад оногддог. Ж.Мөнхбат надад өгсөн үүргийн талаар үнэн ярьсан. Уг нь шударгаар явдаг бол шинэ УИХ хамгийн анхны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл санаатай бөгөөд санамсаргүйгээр хэлэлцүүлээгүй. 

Засгийн газрын энэ тогтоол 6 сарын 13нд гарсан. Сонгууль 6 сарын 11 өдөр эхэлсэн. Үүний өмнө чуулган завсарласан. Үүнийг хэлэлцэх боломжгүй байсан гэдгийг хаа хаана мэдэж байгаа. Энэ асуудал дээр би өөрийн байр сууриа хатуу хамгаална. Тухайн үед УИХ чуулган хуралдсан бол би асуудлаа оруулаад явах байсан.

Харин өнөөдрийн явж байгаа процедур эсрэгээрээ явж байгаа. Уг нь 2 улсын соёрхон баталсан хэлэлцээрийг хүчингүй болгох тухай хэлэлцэж байж дараа нь Засгийн газар бүрэн эрхийн дагуу хэрхэхээ оруулж ирэх байсан. Гэтэл өнөөдөр бүх шатны шүүх хурал явагдаж байна. 

Хувийн ААНэгжүүдийг дэмжиж байж Монгол хөгжинө гэдэг хатуу байр суурь надад байдаг.

Өнөөдөр Та нар намайг яллаж болно. Нэг хүн яллахад энэ улсад хохироод байх зүй байхгүй. ганцхан зүйл бий. Ирээдүйд Монгол улсын эдийн засгийн хөгжил хэн хувь нэмэр оруулах юм бэ? Төрд итгэж гаднынхантай худалдаа наймаа хийж, үйлдвэр оруулж ирэх хүн байх юм уу. Энэ нь эдийн засгийн асар том эрсдэлийг авчрах юм биш биз дээ.