Орон сууцны зээлийн хүү зургаан хувь боллоо
2012.02.28

Орон сууцны зээлийн хүү зургаан хувь боллоо

Утаа, агаарын бохирдлоос салах хамгийн сонгодог арга бол барилгажуулалт буюу орон сууцжуулах хэмээн дээр, доргүй ам нэгдсэн. Энэ хүрээнд "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг УИХ-аар баталсан бол Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орох боломжийг туулай жилийн отгон хуралдаанаараа шийдвэрлэлээ. "Баясгалан" хэмээх луу жилийн анхны чихэнд чимэгтэй энэхүү боломж"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд "хүчинтэй". Өөрөөр хэлбэл, таны авах гэж буй байр "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд багтсан 55 м/ кв-аас ихгүй талбайтай байх юм.

Одоогийн байдлаар дээрх хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ.

Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28.300 орон сууц баригдаж буй.

Үүнээс 6.341 нь 50 м/ кв талбайтай.Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон.. Үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсөн.

Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох юм. Өөрөөр хэлбэл, иргэд санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох боломж биелэлээ олж буй нь энэ. Батлагдсан журмаар иргэд зургаан хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ эхлээд Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргана. 50 сая төгрөгийн зээл авахын тулд тухайн зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байх ёстой. Гэхдээ "Хүний хөгжил сан"-гаас олгох үлдэгдэл сая төгрөгөө байрны урьдчилгаа төлбөрт ашиглаж болохыг журманд тусгасан.

Энэ журам нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт адил хүчин төгөлдөр үйлчлэх юм. Гол нь таны худалдан авах орон сууц "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан байх ёстой. Тухайн иргэн, өрх зээл авахдаа орон сууцаа барьцаалж тавьж болох бөгөөд зээлээ урьдчилан төлөх эрхтэй болсон гэдгийг Сангийн сайд Д.Хаянхярваа битүүний өдөр дээрх журманд гарын үсэг зурах үеэрээ тодотгож байсан билээ."Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг. зохицуулах журам"-д тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн гурван сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстойг ч заажээ. Хэрэв энэхүү болзлыг хангаж буй бол ирэх дөрөвдүгээр сарын эхэн гэхэд орон сууцыг олгож эхлэх боломжтой гэнэ.Хөтөлбөрийн хүрээнд Улаан-баатарт 75 мянга, орон нутагт 25 мянган айлын орон сууцыг зэрэг барина.

Энэ дагуу нийслэлд Яармаг, 100 айл, МҮОНРТ, ХШ хороолол зэрэг газар хөтөлбөрт тусгагджээ. Эдгээр газар сүндэрлэх орон сууцны дэд бүтцэд шаардагдах санхүүжилтийг төр хариуцаж буй. Түүнчлэн гэр хорооллуудыг нүүлгэн шилжүүлж орон сууц барьж байна. Ингэснээр орон сууцны өртөг буурна гэж Засгийн газар тооцоолж байгаа тухай ч салбарын сайд нь онцолж байлаа. Ямартай ч дээрх боломжийг иргэдэд олгосноор 9017 айлын орон сууц худалдаж авах боломжтой болсны зэрэгцээ анх удаа орон сууц авч байгаа 1-18 хүртэлх насны 1-4 ам бүлтэй өрхийг эхний ээлжинд орон сууцтай болгох бололцоо бүрдэж буй юм. Хөтөлбөрийг 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусах учиртай. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна. Эдгээрээс 8000 гаруй зээлдэгч зээлээ барагдуулжээ.