“100 мянган нэг өрөө байр”  хөтөлбөр хэрэгжүүлье
2012.02.17

“100 мянган нэг өрөө байр” хөтөлбөр хэрэгжүүлье

Засгийн газраас “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар хүсэлт гаргасан иргэдэд жилийн зургаа хүртэл хувийн хүүтэй зээл олгох хөтөлбөр гаргаад чамгүй удлаа. Зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбарыг дэвшүүлнэ гэх зэргээр удаашраад байгаа ажлыг яаралтай эхлүүлэх болсноо салбар хариуцсан сайд хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.

Энэ бүхнийхээ эхлэлийг тавьж, өчигдрийн Засгийн газрын хуралдаанд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар танилцуулсан нь ажлаа шуурхайлахаар шийдсэний дохио хэмээн хүлээн авч байна. Энэ ажилтай нь холбоод ард нийтийнхээ хүсэн хүлээсэн гэдэг утгаар нь ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж танд дайх үг байна.

Товчхондоо 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг 100 мянган нэг өрөө байр гэдэг хөтөлбөр болгон хэрэгжүүлбэл ямар вэ.

Хэдийгээр ажлаа аваад удаагүй ч улс орны тулгамдсан олон асуудлын гол зангилаа болсон яамыг тэргүүлдгийнхээ хувьд дэд бүтцийн салбарын ажилдаа тун яаравчлахаар шийдсэн бололтой гэдгийг тань Монголын ард түмэн харж байгаа. Гэхдээ олон түмэнд хүртээлтэй, худалдан авах чадварт нь тааруулан 100 мянган нэг өрөө байр барьж  байж энэ хөтөлбөр тань олон хүнд хүрнэ.

Тэгээд ч монголчууд өвөл болохоор л утааны талаар дуусашгүй яриа үүсгэж, гэр хорооллол руу хамаг буруугаа чихдэг нь гэм биш зан. Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр хаяглах эзэн олдохгүй байсаар, улаанбаатарчууд утаан дунд өвөлжсөөр чамгүй хугацааг үдсэн. Үүгээр ч зогсохгүй утааг бууруулах хамгийн шилдэг арга нь барилгажилт гэж мэдэмхийрдэг ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийсэн нь тун чамлалттай байдаг. Тиймээс иргэдээ нэн яаралтай орон сууцжуулах асуудлыг төр засгаас авч эхлэхээр шийдсэн ч хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчийн үлгэр болон хоцордог.

Харин шинэхэн ажлаа аваад удаагүй байгаа сайдын амнаас тун тааламжтай үгс сонсогдох болсон нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх болсон тухай яриа юм. Үүнийг зохицуулах талаар Засгийн газрын тогтоол хүртэл гарч, УИХ-аас баталсан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр багтаасан. Хөгжлийн банк ч хөрөнгө оруулалтыг найдвартай авч явахаа илэрхийлээд байгаа. Дээрх хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт арилжааны банкуудаар дамжиж, ирэх гуравдугаар сараас орон сууцны зээл олгогдож эхэлнэ гэдгийг салбар хариуцсан сайд мэдэгдлээ.

Ийнхүү ард иргэдийн хүсэн хүлээж байсан 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажилд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж сэтгэл шулуудан, ажлыг түргэвчлүүлэхийн тулд Засгийн газарт танилцуулга хийсэн бололтой.

Нөгөө талаар Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах механик ажлууд бий.

Түүнээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Гэх мэтчилэн цаасан дээр харагдаж байгаа тооцоо судалгаатай ажлууд бий.

Энэ хүрээнд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, ард иргэдэд хүртээлтэй болгохын тулд нэг өрөө 100 мянган орон сууцыг барьж яагаад болохгүй гэж.