УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.12.02

Ж.Энхбаяр: Хилийн цэрэг зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтах боломжгүй

Өнөөдрийн үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

"Батлан хамгаалах үзэл баримтлал дотор төрийн цэргийн байгуулалт гэж эрх зүйн шинэ нэр томъёо орж ирсэн. Үүнд Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн бүрэлдэхүүнд хамрагдана гэж заасан байгаа.

Хилийн цэрэг  зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байх ёстой, байх боломжгүй гэсэн салаа утгатай салбар хоорондын ойлгомжгүй асуудал шийдэгдсэн юм.

Тэгэхдээ Зэвсэгт хүчин бол тусдаа агаарын болон хуурай замын цэрэг. Харин хилийн цэргийг хилийн ба дотоодын цэрэг гэж бэхжүүлэх шаардлагатай гэж байсан. Мөн онцгой байдлын цэргийг төрийн цэргийн байгуулалтад авч үлдэх нь зүйтэй гэж.

Ингэснээр энэ салбарын цэрэг дайчдын нийгмийн асуудлыг цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлаар хамгаалан баталгаажуулж өгсөн.

Хилийн цэрэг зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орох ёсгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлэхийг хүслээ. Төрийн бодлого түүнийг дагаж гардаг салбарын хуулиуд нэгдмэл утгатайгаар бодлогодоо нийцэж байх ёстой.

Гэтэл батлан хамгаалах бодлогыг дагаж гарах ёстой Хилийн тухай шинэчилсэн найруулгын төсөл тухайн салбарын бодлогоос ангид ямар ч тусгал оруулаагүй байна. Улсын хил хамгаалах гол хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байдаг. Тэд нь дотоодын цэргийг яаралтай байгуулах ёстой. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам дээр цагдаагийн байгууллага, дотоодын цэргийг байгуулах асуудал яригдаж байна.

Тэр ч утгаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нартай би хоёр асуудал дээр зөвшилцсөн гэж ойлгож байгаа. Улсын хил хамгаалах үндсэн хүч нь Хилийн цэрэг байна гэж томъёолж өгнө үү.

Нөгөөтэйгүүр Хилийн цэргийн албан хаагчдын алба хаах журам, эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар нэгтгэн зохицуулна гэсэн хоёр зүйл дээр бид ойлголцсон гэж бодож байна.

Батлан хамгаалах бодлогын хүрээнд хил хамгааллын асуудал явж байгаа. Тиймээс УИХ-ын даргаас Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын ажлын хэсэгт энэ асуудлыг хамтатган хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна."