Ц.Даваасүрэн: Алт олборлохын төлөө хилийн зурвасаа байхгүй болгож болохгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.12.02

Ц.Даваасүрэн: Алт олборлохын төлөө хилийн зурвасаа байхгүй болгож болохгүй

Өнөөдрийн үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хилийн зурвас хэрэгтэй. Манай улсын зам, бараатай ихтэй нутаг дэвсгэрт хилийн зурвасын үйл ажиллагаа болсноор хил орчимд алтны олборлолт явуулах нь ихэсч, эмх замбараагүй байдал үүсч, хилийн зөрчил гарна. Энэ мэт хилийн дэглэм сахиулахад тодорхой хүндрэл учирна.

Эх орноо хамгаалж яваад амь насаа алдсан хилийн цэргийн албан хаагчдыг суурь өвчинтэй байсан гэдэг онош тавиад хаядаг байсан. Энэ зун бас эрдэнэт хүний амь эрсэдсэн. Цаашид хил дээр амь насаа алдсаар байвал яах вэ?

Хэрэв хил хамгаалах явцад хилийн цэргүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах ёстой. Хилийн зурвас болгонд тохирсон бодлого явуулъя гэж байгаа нь зүйтэй санагдлаа. Тухайлбал, Хангайн бүсэд ойн түймэр болоход тэр газарт ажиллах тусгай хувцас, хэрэгсэл байдаг эсэх, ус ихтэй газар хэрхэх зэрэг хангамжийн асуудлыг уг хуульд тусгах нь зөв.

Хилийн цэрэг албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тохиолдолд ар гэрт үзүүлэх тусламж, нийгмийн асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Тэтгэмжээ алдсаны тэтгэмжийг хэр хугацаанд яаж өгөх талаар нарийвчлан тусгах хэрэгтэй.

Төрөөс батлан хамгаалах салбарын талаар баримтлах бодлогыг хилийн цэргийн хамгаалалтад тулгуурласан чиглэл рүү хөгжих нь зүйтэй болов уу. Дэлхийн хамгийн том хүчирхэг армитай хоёр улстай хил залгаа оршдог. Тиймээс хил хамгааллын асуудал хамгийн чухал. Хэрэв Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах хэрэгтэй.

Хил хамгаалах, хилийн цэрэгтэй холбоотой асуудал бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдоно. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гаргаж, уг хуулийн төсөлд нухацтай хандах хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Яарч болохгүй. Алт олборлохын төлөө хилийн зурвасаа байхгүй болгож болохгүй."