Ж.Энхбаяр: Яагаад "Хилийн цэрэг" гэсэн нэр томъёоллоос татгалзав?
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн асуудлаараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2 асуулт асуусан юм.
"Хилийн цэргийг хилийн цагдаа" болгох гэж байна гэсэн асуудалд салбарын сайд хэрхэн хариулсаныг сонсоорой.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Яагаад “Хилийн цэрэг” гэдэг нэр томъёоллоос татгалзав?
"Саяхан УИХ-аар хэлэлцэж баталсан Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн бодлогын баримт бичиг бий. Уг бодлогын баримт бичгийг дагаж гарсан Батлан хамгаалахын тухай багц хуулийг баталсан. Эдгээр багц хууль дотор Улсын хил, хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах нь төрийн батлан хамгаалах үйл ажиллагааны үндсэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм гэдгийг хуульчилсан.
Хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагад, Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн бодлогын баримт бичгийг огт дурдсангүй. Яагаад дурдсангүй вэ? Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн байнгын хорооны хуралдаан дээр том маргаан үүссэн. Учир нь уг бодлогын баримт бичигт, Тайван цагт төрийн цэргийн байгуулалтад багтах зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллага байхаар хуульчилсан.
Уг бодлогын асуудлыг хуулийн төсөлд тусгаагүйгээс болж, маргаан үүссэн. Дайны цагт нэг бодлого, нэг байгууллагадаа тулгуурлан нэгдсэн зэвсэгт хүчинтэй байх, тайван цагт тус тусдаа харьяалагдах яамандаа чиг үүргээ гүйцэтгэнэ гэж хуульд заасан.
Хилийн ба дотоодын цэрэг гэсэн нэр томъёоллыг хуульд шинээр оруулж ирсэн. Гэтэл Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ нэр томъёоллоос зайлсхийж, Хил хамгаалах байгууллага гэж оруулсан байна. Яагаад “Хилийн цэрэг” гэдэг нэр томъёоллоос татгалзав? Үүнийг хэлэлцүүлгийн явцад залруурах боломж бий юу?
Юуг залруулах ёстой вэ гэвэл “Улсын хил хамгаалах үндсэн байгууллага, хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байна” гэж тодорхой оруулж өгөх ёстой. Энэ заалтыг оруулж өгснөөр маш олон маргааныг шийдэж чадна.
Улсын хил хамгаалах үндсэн хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байна гэж тодруулж оруулж өгөөгүйгээс болж, “Хилийн цагдаа” болгох, “Хил хамгаалах байгууллага” гэсэн ойлгомжгүй нэр томъёогоор тодорхойлох, төрийн батлан хамгаалах бодлого ойлгомжгүй болох гээд олон эрсдлийг араасаа дагуулж байна.
Хилийн цэрэгт алба хаах журам, хилийн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нэг мөр нэгтгэн, зохицуулж, эрх зүйн хувьд маш сайн хамгаалалт хийж, нийгмийн асуудлыг баталгаажуулсан хууль болсон. Эдгээр зохицуулалтаар асуудлыг шийдэх боломж бий юу?
Яагаад заавал “Хилийн цэрэг” гэж байх ёстой вэ гэдгийг хэлээд байгаа учир нь анх уг тогтоолын төсөлд“Агаарын хилийг агаарын цэрэг, усан болон газар дээрх улсын хилийг Хил хамгаалах байгууллага гүйцэтгэнэ” гэж оруулсан байна. Энэ заалтыг харахад, цэрэг гэдэг нь тусдаа, хил хамгаалах байгууллага гэдэг нь бас тусдаа байна гэж ойлгогдоод байгаа учраас энэ нэр томъёоллуудыг дурдаж байна.
Хуулийн төслийн 31,3-д “Улсын хил хамгаалах үндсэн хүч, хэрэгсэл нь хилийн цэрэг байна. Агаарын хилийг зэвсэгт хүчний агаарын цэрэг хамгаална” гэж өөрчилж, найруулах юм бол асуудал шийдэгдэнэ. Эдгээр зарчмын шинжтэй асуудлыг шийдэх боломж бий юу?
“Хилийн цэрэг”-ийг хилийн цэрэг хэвээрээ үлдэх ёстой гэсэн итгэл үнэмшил нэг байна уу гэдгийг тодруулах гэсэн юм."
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хил хамгаалах байгууллагыг өөр нэршлээр нэрлэх, өөр чиг үүрэг, бүтцэд шилжүүлэх зорилго, бодлого, агуулга байхгүй.
“Хилийн цэрэг” гэдэг үгнээс татгалзаж, “Хилийн цэрэг”-ийг хилийн цагдаа болгох гэлээ гэсэн асуудлыг нилээн ярилаа. Байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд хилийн цагдаа гэж байж болох уу гэсэн танин мэдэхүйн шинжтэй асуултууд гарч ирсэн. Эдгээр асуултад хариулах явцад үг мушгих, ХМХ-үүд зөв, буруу тайлбарлах зэргээр олон нийтийг хамарсан Хил хамгаалах байгууллагатай холбогдсон зөрчилтэй байдал үүссэн.
Энэ ойлголтыг нэг мөр ойлгох ёстой. Асуудлыг мушгиж, гуйвуулах, үгийг буруу, зөрүү тайлбарлах шаардлага байхгүй. “Хилийн цэрэг” гэдэг нэр томъёо Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бий. Хил хамгаалах газрын дарга нь Хилийн цэргийн ерөнхий командлагч байна.
Мөн хуулийн төсөлд, хил хамгаалах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга гэх зэргээр хилийн цэрэг, Хил хамгаалах байгууллага гэсэн нэр томъёо хэвээрээ байгаа.
Тийм учраас “Улсын хил хамгаалах хүч, хэрэгсэл нь хилийн цэрэг байна” гэдэг агуулгатай нийцэж байгаа гэж ойлгож байна. Таны дэвшүүлж буй заалтыг шаардлагатай гэж үзэж байгаа бол нэмж оруулж болно.
Хуулийн төслийг өргөн барихдаа 2002 онд УИХ-аар баталсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого баримт бичгийн 1,5-д “Улсын хил халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг шинжлэх ухаан, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна” гэсэн заалтад үндэслэн боловсруулсан.
Мөн 2,11-д “Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх”, Хил хамгаалах албыг ямар ч нөхцөлд улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чадвар бүхий нэгдмэл бүтэц, зохион байгуулалтад байлгана гэдгийг тус тус мөрдлөгө болгон хуулийн төслийг боловсруулсан.
2015 онд УИХ-аар баталсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс бодлогын баримт бичгийн 2,7,3-д “Тайван цагт хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээрийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг хуулиар тогтооно” гэж тодорхой заасан. Уг заалтад үндэслэн Хил хамгаалах байгууллага нь төрийн тусгай байгууллага учраас бүтэц, чиг үүргийг Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа юм.
Хуулийн төслийн үндэслэлд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс бодлогын баримт бичигт үндэслэсэн гэж дурдахаа орхигдуулсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Надтай ижил итгэл үнэмшилтэй байна уу?
"Дотоодын цэргийн командлагч нь цагдаагийн цэрэг байдаг. Ийм түүх бий. Хилийн цэргийг цэргийн байгууллагаар нь баталгаажуулж, дархлаажуулах, албаны эрх зүйг улстөрөөс ангид болгох нь зүйтэй гэж үздэг.
Хилийн цэргийн командлагч нь гэж оруулж өгөхөөр цагдаагийн дарга хилийн цэргийн командлагч байх эрх зүйн боломжийг нээж байна. Хальтирч болзошгүй зүйлсийг хаахын тулд миний ярьж буй зүйлтэй таны санал бодол нийлж байна уу гэдгийг тодруулж байна."
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Цагдаагийн харьяанд оччих юм биш биз гэж хардах шаардлагагүй
"Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичигт тулгуурлаж, хуулийн төслийг боловсруулсан.
УИХ-аар баталсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс бодлогын баримт бичгийн 2,7,3-д “Тайван цагт хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээрийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу бие даасан хуультай байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хуулийн төслийг оруулж ирсэн.
Цагдаагийн харьяанд оччих юм биш биз гэж хардах шаардлагагүй. Надтай санал нэг байна. Хил хамгаалах байгууллага нь бодлогын баримт бичгүүдэд дурдсан үйл ажиллагаа явуулна. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад тодорхой бус эргэлзэж буй асуудлуудаараа санал оруулж болно."