УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.02

О.Баасанхүү: Хил хамгаалах хүчийг сааруулсан бодлого оруулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслийг хэлэлцэж үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Миний аав хилийн цэрэгт алба хааж байсан. Одоо эгч маань Хил хамгаалах байгууллагад дэд хурандаа цолтой хүн бий. Хилчдийн дунд байдаг хүний хувьд Хилийн тухай хуульд маш их анхаарал хандуулж ирсэн.

Өмнөх дөрвөн жилд ч би энэ асуудалд анхаарч хилийн цаадах консултай  уулзаж тэдний ажил, амьдралтай нь танилцаж байсан.

Одоогийн энэ хуулийг 1993 оныхтой харьцуулаад харж байхад 70 хувь нь яг адилхан.

30 хувь нь МУ-ын Ерөнхийлөгчийн болон бусад хэрэгжүүлдэг хэдэн журмыг хууль гэж нэрлээд оруулаад ирсэн. Манай улс 1500 мянган мкв газар талбайтай.

Зөвхөн Дорнодын газар нутаг л гэхэд Солонгосын газар нутгийн хэмжээтэй гэдэг. Тэгсэн хэрнээ хил орчмын 100 километр хамгаалалтын бүсийг байхгүй болгож байгаад би харамсаж байна.

Хулгайн анчид, хууль бус уул уурхай эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлсэн лобби ороод ирчихлээ.

Хилийн дээс алхах хэн  ч бай дүрэм журмын дагуу явах ёстой. Энэ байдлаас холуур аль болох амар хялбар аргаар эх нутгаа цөлмөх гэсэн бодлого явж байна. Гадна дотны гар хөл болсон нөхдүүдийг олон түмний өмнө зарлаж ил гаргах цаг болсон. Хил хамгаалах хүчийг сулруулсан бодлого зориудаар оруулж ирж байна.

Хэрвээ энэ хуулийг хүч түрж оруулж байгаа бол эргэж харах, маш няхуур хандах хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Хил орчмын айл өрхүүдэд очиж үзсэн бол  нөгөө талруугаа уусах хандлага илт харагдаж байна.

Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Хил хамгаалах байгууллагад шилжүүлэх асуудалд ч би зарчмын санал оруулсан. Энэ мэт хил хамгаалах хүчийг саарулсан бодлогыг миний зүгээс дэмжихгүй байгаагаа хэлж байна."